Ирэх хичээлийн жилд малчны анги хичээллэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬИрэх хичээлийн жилд Дундговь аймгийн МСҮТ малчны мэргэжил олгох ангийг шинээр нээнэ. Үүний тулд сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгааг тус төв дэхь Говийн бүсийн мэдээлэл арга зүйн төвийн ажилтан О.Саруул хэллээ.
Тодруулбал, малчин хүнд ямар мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэг сургалтын стандарт байдаггүй учраас сургалтын хөтөлбөрөө боловсруулахын тулд эхний ээлжинд малчдаас суурь судалгаа авч байгаа гэлээ.
100 гаруй малчныг хамруулсан асуулга, хэлэлцүүлгийн дүнд малчид сургалтыг дэмжсэн бөгөөд малчдын ажлын ачаалал арай бага үе буюу 11- 1 дүгээр сард хичээллэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ хугацаанд танхимын хичээлээр онолын мэдлэг олгоод, 6 дугаар сар хүртэл гэрийн даалгавар буюу бие даан суралцах DVD хичээл өгч, эргэж шалгалт авч үнэлэх хэлбэрээр сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм байна.
Малчны мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай арав гаруй чадамжийг хөтөлбөрт тогтоож өгөх ажээ.
Т. Отгонтуяа