Молдавын Ерөнхийлөгч ард түмнээсээ дэмжлэг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-09 12:15:21

КИШИНЕВ. /TASS/. Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон иргэддээ хандан улс оронд үүссэн улс төрийн хямралыг даван туулахад түүнд болон түүний Бүгд Найрамдах Молдав Улсын социалистуудын намд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.


“Бид намын хамтран зүтгэгчдийн хамт сорилт бэрхшээлүүдийн өмнө бууж өгөхгүй. “Acum”-ын /европын интеграцыг дэмжигч эвсэл/ төлөөлөгчид бидэнтэй ижил байр суурьтай байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж Молдавын төрийн тэргүүн фэйсбүүк хуудсандаа бямба гарагийн шөнө дунд бичжээ. ”Бид амжилтад хүрэх ёстой бөгөөд бид хүрч чадна гэдэгт бат итгэлтэй байна. Гэхдээ энд та бүхний оруулах хувь нэмэр маш чухал учраас та бүхний дэмжлэгийг авна гэдэгт маш их найдаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Өнгөрөгч хоёрдугаар сард болсон сонгуулийн дараа эрх барих эвсэл болон Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүйтэй холбоотойгоор парламентыг тараах болон ээлжит бус сонгууль явуулах аюулаас Молдавын парламент бямба гарагт зайлсхийж чадсан байна. Ийм зүйл Додоныг дэмждэг социалистууд өмнөх парламентад олонхын суудал эзэлдэг байсан Молдавын Ардчилсан намыг эсэргүүцдэг “Acum” эвсэлтэй тохиролцсоны дараа болсон байна. 


Улс төрийн хямралаас гарахад тавьсан парламентын намуудын хүчин чармайлтыг Молдав дахь АНУ, ОХУ  болон ЕХ-ны Элчин сайд нар сайшаасан байна. АНУ, ЕХ болон ОХУ-ын Элчин сайд нар Молдавын төрийн тэргүүний хамт парламентын хуралд оролцжээ. Уг хурлын үеэр социалистуудын тэргүүн Зинаиду Гречаныйг парламентын даргаар сонгож, Ерөнхий сайд Майей Санду тэргүүтэй Засгийн газрыг эмхлэн байгуулжээ.


Холбоотой мэдээ