Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль шинэ байртай болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-01 13:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүд оролцов.

Тус сургууль нь хичээлийн 42 танхимтай, 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоо гэх зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын танхимтай аж. Энэ хичээлийн жилд 2800 орчим хүүхэд хүлээн авч хоёр ээлжээр хичээллэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Энэ жил нийслэлийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгааг онцлон хэлье. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг 10 дугаар сарын 30-ны дотор хоёр ээлж болгох зорилттой ажиллаж байна” хэмээв.




Холбоотой мэдээ