Монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал Бээжин хотноо боллоо

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-11-05 15:10:07

Бээжин /МОНЦАМЭ/. “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудын монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар удаагийн хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын Төвийн Үндэстний их сургуулийн байранд боллоо.

Хуралд Монгол, Хятад, ОХУ, Польш, Унгар, АНУ, Франц зэрэг 10 гаруй орны монгол судлалын 80 гаруй эрдэмтэн судлаач оролцов.

Тодруулбал, ОУ-ын Монгол судлалын холбооны /ОУМСХ/ ерөнхийлөгч, Унгарын Луранда их сургуулийн профессор Бирталан Агнес, Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, ОУМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ОУМСХ-ны хүндэт Ерөнхийлөгч, академич Д.Төмөртогоо, Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, ШУ-ны доктор, МУИС-ийн профессор Ш.Чоймаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол нууц товчоо судлалын төвийн эрхлэгч, академич Д.Цэрэнсодном, Хятадын Төвийн Үндэстний их сургуулийн дэд захирал Сүн Минь тэргүүтэй эрдэмтэн, төлөөлөгчид оролцож салбар хурлуудад илтгэл тавив.

Хурлын нээлтийн үеэр монгол сурвалж бичгийн талаарх “Или голын дагуух нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган 50 боть ном”, “Бүс ба Зам дагуух улс орнуудад хадгалж буй монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-дэлхийд түгсэн монгол судар”, “Бүс ба Зам дагуух улс орнуудын монгол сурвалж бичгийн судалгааны цуврал” зэрэг номыг нээх ёслол болон Хятадын Төвийн үндэстний их сургуулийн профессор, ОУМСХ-ны Зөвлөлдөх товчооны гишүүн Ч.Хишигтогтохын 80 насны ойг тэмдэглэх ёслол болов.


Хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдаас хурлын ач холбогдол болон Монгол судлалын өнөөгийн хөгжлийн талаар тодрууллаа.


ОУМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун:

-Та энэхүү хурлын ач холбогдлыг юу гэж дүгнэж байна вэ?

- Энэ хурал нь монгол судлалд том байр суурь эзэлдэг сурвалж судлалын судалгааны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, ирээдүйд хамтарч ажиллах, дэлхий дахинд хадгалагдаж буй сурвалж бичгүүдийг хэвлэн нийтлэх ажлын эхний үр дүнг хүмүүст танилцуулж байна.


Энэ хүрээнд гурван том үйл ажиллагаа болж байна. Нэгдүгээрт, Монголын түүх, сурвалж судлалын салбарт 40-өөд жил судалгаа хийсэн профессор Ч.Хишигтогтох гуайн 80-н насны ой, хоёрдугаарт дэлхий дахинд тархсан монгол сурвалж бичгийг цувралаар хэвлүүлэх ажлын эхний хоёр боть хэвлэгдсэн байна. Цаашдаа олон боть гарах байх. Гуравдугаарт, Илийн голын сав нутаг дахь монгол ойрдуудын түүхэнд холбогдох 50-н боть эх сурвалжийг хэвлэн нийтэлсэн байна. Ийм том тод үсгийн бүрэн цуглуулга өмнө нь хэвлэгдэж байгаагүй. Дэлхийд тархсан монгол сурвалж бичгийг эмхлүүлэх ажил бол үе үеийн дэлхийн монголч эрдэмтдийн хүсэл мөрөөдөл байсан. Энэ ажил эхэлж байна. Энэ утгаараа дэлхийн монгол судлалын гол чиглэл болох сурвалж судлалын судалгааг урагшлуулах, монгол судлалын судлаачдад боломж олгох ач холбогдолтой хурал болж байна гэж ойлгож байна.

-Өнөөгийн дэлхийн монгол судлалын хөгжил ямар байна вэ?

-Монгол улсын төрөөс явуулж буй бодлого, дэлхийн монголч эрдэмтдийн идэвхтэй үйл ажиллагаа зэргээс хамаараад сүүлийн 10-аад жилийн хугацаанд дэлхийн монгол судлал харьцангуй сэргэж байна. Дэлхийн монгол судлалын төвүүд болон залуу монгол судлаачид нэлээд нэмэгдэж байна. Гэхдээ мэдээж санхүүгийн бэрхшээл, эрдэмтэд хоорондын хамтын ажиллагааны тодорхой томоохон төсөл хөтөлбөрүүд харьцангуй бага байна. ОУМСХ-ны зүгээс монгол судлалыг хөгжүүлэх үүднээс Ази, Европын бүсийн хурлуудыг жил бүр аль нэг улсад хийж байна. Гурван жилийн өмнө Бээжин хотод Азийн анхны хурлыг хийж байсан. Энэ жил 11-р сарын 7-10-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Үндэсний музейд Азийн бүсийн хурлыг зохион байгуулна. Эдгээр бүсчилсэн хурлуудын үр дүнд эрдэмтэд нэлээд идэвхтэй хамтарч ажиллаж байгаа зүйл байна. Манай Засаг төрийн хувьд монгол судлалын салбарыг харьцангуй дэмжиж байсан боловч энэ жил монгол судлалыг дэмжих санг татан буулгасан. Цаашдаа ямар байдалтай явах нь тодорхой биш байна.


-Монгол судлалыг хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Монгол судлалыг хөгжүүлье гэж байгаа бол эхлээд монгол судлалынхаа хүрээ хязгаарыг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, монгол судлал маань дангаараа хөгжиж чадах уу, үгүй юу. Евро-Азийн бусад нүүдэлчин ард түмний түүх, соёлтой хосолмол байдлаар хөгжүүлэх боломжтой. Түрэг судлал, Ази судлал, Дорно дахин судлалтай холбож хөгжүүлэх хэрэгтэй. Мөн чадварлаг боловсон хүчнүүд хэрэгтэй. Монгол судлалын судалгааны бааз болсон Монгол Улсын архив, номын сан зэрэг зүйлийг нээлттэй болгох хэрэгтэй гэж бодож байна.

       

Тус хуралд АНУ-аас ирж оролцсон АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, монгол судлаач М.Саруул-Эрдэнэ:

-Энэхүү хурлын ач холбогдол нь юу вэ?

-Эх сурвалжийн хурал бол маш чухал ач холбогдолтой. Монгол эх сурвалж, судар ном дэлхий нийтээр тархсан байдаг. АНУ-д ч мөн монгол ном судар байдаг. Зөвхөн Конгрессын номын сан биш, Чикагогийн номын сан, Вэстэрн Вашингтоны их сургууль, Индианагийн их сургууль гэх мэтчилэн олон газар байдаг. Эдгээр эх сурвалж, судруудыг судлах хэрэгтэй. Судлахаас гадна болж өгвөл хэвлүүлмээр байна. Хэвлүүлээд олон нийтэд түгээх хэрэгтэй. Тэгэхээр энэ их ажлыг хийхийн тулд ганц хүн судлаад хийж чадахгүй. Тал талд олон хүн судалгаа хийж байгаа. Энэ олон хүн маань судалсан зүйлээ давхцуулахгүй, нэгнээсээ судлаад, суралцаад, хамтран ажиллаад явбал маш үр дүнтэй болно. Энэ хурлын ач холбогдол үүнд оршиж байна.


-АНУ-ын монгол судлалын хөгжил ямар байна вэ?

-АНУ-ын монгол судлал нэгэн үе дэлхийд тэргүүлж байсан. Гэхдээ одоо энэ үе өнгөрсөн. АНУ-ын монгол судлалд 1940, 1950, 1960-аад оны үед олон алдартай эрдэмтэн, дэлхийн монгол судлалын оргилууд байсан. Одоо харамсалтай нь нийгэм, эдийн засаг, улс төр гэх мэт бүх талаасаа монгол судлал сонирхолтой сэдэв биш болоод байна. Бидний хийхийг зорьж байгаа ажил бол монгол судлалыг АНУ-ын эрдэм, судалгааны ертөнцөд дахин сэргээхийн төлөө явж байна.


Хятадын Төвийн Үндэстний их сургуулийн профессор Мянгад эрдэмтнээс Хятад Улсын монгол судлалын талаар тодрууллаа.

-Өнөөгийн байдлаар, олон улсын монгол судлалын салбарт санхүүгийн талаар хамгийн найдвартай, хамгийн их төсөв гаргаж байгаа нь Хятад улс байна. Олон сурвалжийг Хятадад хэвлэж байна. Үүнийг бусад улс орон бараг хийж чадахгүй болсон. Одоогийн Хятад улс дахь монгол судлалын нөхцөл их сайн болж байна. Цаашид олон улсын монгол судлалд чухал үүрэг гүйцэтгэх байх гэж бодож байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ