Д.Зоригт: Капитал банканд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй

Монголын мэдээ | Ярилцлага
ariunbold@montsame.mn
2019-12-03 10:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Капитал банкны дампууралтай холбоотойгоор тус банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал иргэдийн анхаарлыг татаж байна. Энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын дарга Д.Зоригттой ярилцлаа.


-Нийгмийн даатгалын сан хоосорсон, хуримтлал байхгүй гэсэн яриа гарах боллоо. Үнэхээр байдал иймд хүрсэн үү. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгө бий юу?


-Нийгмийн даатгалын сан /НДС/-д энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар 1.1 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө байна. Тухайлбал, НДС-г бүрдүүлж буй Тэтгэврийн даатгалын санд 282 тэрбум, Тэтгэмжийн даатгалын санд 51.6 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 681.5 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын санд 103 тэрбум төгрөг байна. НДС хоосорсон бус эсрэгээрээ сангийн хөрөнгө өсөж байгаа. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даан тусдаа агентлаг болоход тус  сангийн 444.4 орчим тэрбум төгрөгийг шилжүүлээд НДС-д 650 гаруй тэрбум төгрөг үлдэж байсан бол өнөөдөр дээрх дөрвөн сангийн мөнгөн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрлээ. Сар бүр 175 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгож байна.

Нийгмийн даатгалын байгууллага 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2 их наяд төгрөгийн зарлагатай байх төлөвлөгөөтэй. Энэ оны аравдугаар сарын байдлаар НДС-д 1.45 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 111.8 хувиар биелүүлсэн. Зарлагын тухайд 1.7 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, зардал олгохоос одоогийн байдлаар 99.1 хувийн гүйцэтгэлтэй байна.


-Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн хэдэн төгрөгийг хэзээ байрлуулсан бэ. Дампуурах гэж байгаа банканд зориудаар мөнгө байршуулсан гэх асуудал яригдаж байна?


-НДЕГ, Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. 2012 онд сангийн мөнгөн хөрөнгө 31.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105, 2014 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 190, 2015 онд 238 тэрбум, үүнээс хадгаламж нь 185, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180,  2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20,  2018 онд 105.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг байсан. Харин 2016 оны наймдугаар сараас хойш буюу би энэ газрын даргаар ирснээс хойш тус банканд харилцах болон хадгаламжийн дансанд нэмж мөнгө байршуулаагүй. НДЕГ-аас тус банканд Нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудын гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Мөн удирдлагуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан ч үр дүнд хүрэлгүй үргэлжилсээр 2019 оны дөрөвдүгээр сард Капитал банкыг албадан татан буулгасан.


-Банкны нөхцөл байдал хүндэрснийг мэдсэн даруйдаа мөнгөө татаж авч болоогүй юм уу? 


-Бид Капитал банкан дахь мөнгийг буцааж татахын тулд олон арга хэмжээ авсан. Дээр дурдсанчлан уулзалт хийж, албан бичиг хүргүүлэхээс гадна зарлагын гүйлгээ хийлгэхээр олон удаа хандсан. Тухайлбал, НДЕГ-аас Капитал банканд 2018 онд 57.1 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 125 төлбөрийн хүсэлт хүргүүлсэн ч 4.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн. 2019 онд 40.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 44 төлбөрийн хүсэлт хүргүүлснээс 0.86 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн. Энэ талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр танилцуулж байсан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон манай газраас Монголбанканд хандан дэмжлэг хүссэн болон мэдээлэл авах албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан.


-Та 2016 оноос хойш Капитал банканд нэмж мөнгө байршуулаагүй гэсэн. Гэтэл таны гарын үсэгтэй гэрээ олон нийтийн сүлжээгээр яваад байсан? 


-Өмнөх онуудад байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусаад харилцах дансанд шилжсэн байсан. Үүнийг бусад банк руу шилжүүлэх төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч Капитал банк хийгээгүй. Ингээд 5.5 хувийн хүүтэй харилцах дансанд байсан мөнгийг дахин гэрээ байгуулан, 15-аас дээш хувийн хүүтэйгээр сунгасан. Түүнээс шинээр мөнгө нэмж байршуулж, гэрээ хийсэн зүйл биш. Дахин сунгах шийдвэрийг ч миний бие болон манай байгууллага дангаараа гаргаагүй. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 тоот тогтоолоор НДС-гийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах ажлын баг байгуулан, ХНХЯ, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд үүрэг даалгавар өгсөн. Байнгын хорооноос өгсөн “Банкуудад хадгаламжийг нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх” чиглэлийн дагуу Капитал банканд байршиж буй мөнгийг Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан хүүг нэмж авах үүргийг  НДЕГ-т өгсөн юм. Үүний дагуу мөнгөн хөрөнгийг тухайн банкны данс хооронд шилжүүлсэн.


-Капитал банк дампуурсантай холбоотой Нийгмийн даатгалын сангаас дутсан мөнгийг нөхөх гэж шимтгэл нэмж байна хэмээн иргэд бухимдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?


-2017 онд УИХ-аас тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Капитал банктай холбоотой асуудал үүсэхээс өмнө батлагдсан хууль хэрэгжиж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл зөвхөн Тэтгэврийн даатгалын санд хамаарна. Капитал банканд Тэтгэврийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө бус ажилгүйдэл, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн ослын даатгалын сангийн хөрөнгө байсан. Хуулийн дагуу Тэтгэврийн даатгалын санд орж ирсэн мөнгийг бусад сан руу шилжүүлэн зарцуулах боломжгүй. Тэгэхээр Капитал банканд алдсан мөнгөө олохын тулд шимтгэл нэмж байна гэдэг нь буруу ойлголт. Шимтгэл нэмж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа юм.


-Мөнгөн хадгаламжаас гадна тус банкнаас тэтгэвэр авагч иргэд байсан байх. Тэдэнд ямар нэг хохирол учирсан уу? 


-Капитал банкнаас анх 38 мянга гаруй иргэн тэтгэврээ авдаг байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгох боломжийг бүрдүүлснээр банк татан буугдах үед 8000 орчим тэтгэвэр авагч үлдсэн байсан. Банкны эрх хүлээн авагчтай хамтран тэднийг  ХААН банк руу шилжүүлж, тэтгэврийг нь хэвийн олгож байна. 


-Капитал банкны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Иргэд хохирол барагдуулахыг шаардаж байна шүү дээ? 


-НДЕГ хуулийн хүрээнд Капитал банканд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хугацаанд, бүрэн авахын төлөө ажиллаж байна. НДҮЗ-ийн 2019 оны “Хөрөнгө нэхэмжлэх тухай”  тогтоолоор Капитал банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын баг байгуулж, өнгөрсөн хугацаанд банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удааг уулзаж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна. Банкны эрх хүлээн авагчтай нийт 124 харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг тооцоо нийлэн 104.15 тэрбум төгрөгөөр нэхэмжлэн авах дүнгээ баталгаажуулсан байгаа. 

Гэхдээ нэг асуудал үүссэн. Энэ юу вэ гэхээр манай талаас тус банканд байсан НДС-гийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.5-д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулахаар, мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь  нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь НДС-гийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т хамааруулах шийдвэр ирүүлсэн. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгээд явж байна. НДС-гийн мөнгөн хөрөнгө “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамаарах юм бол төлбөрийг бүрэн авах боломжтой гэж манай байгууллага үзэж байгаа. 


-Хуулийн дагуу НДС-гийн мөнгөн хөрөнгөд менежмент хийх ямар боломж байдаг вэ? 


-Одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулан өсгөх зохицуулалт байгаа. Гэвч Монголбанкны үнэт цаасны арилжаанд одоохондоо орох боломжгүй байна. Засгийн газрын үнэт цаас сүүлийн жилүүдэд гараагүй. Тиймээс одоогоор сангийн хөрөнгийг банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Монголбанк, НДҮЗ хамтран тогтоодог.  


-Арилжааны банкуудад байршуулснаар хэдэн төгрөгийн ашиг олдог талаар мэдээлэл өгөөч? 


-“НДС-гийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг өнгөрсөн онд НДҮЗ-өөр шинэчлэн баталсан. 2016 оны наймдугаар сард Монголбанкны бодлогын хүү 15 хувь байхад НДС-гийн хадгаламжийн хүү есөн хувь байсан. Үүнийг 15 хувиас доошгүй байхаар өөрчилж, бүх мөнгөн хадгаламжийн гэрээний хүүг 15-15.5 хувийн хүүтэй байхаар өөрчилсөн. Үүнээс хойш Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамааруулан 2018 оны наймдугаар сард 13-аас доошгүй, арванхоёрдугаар сард 14-өөс доошгүй байхаар өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар жилийн хүүгийн хэмжээ 14 хувиас доошгүй байхаар тогтоогоод байна. Зөвхөн мөнгөн хадгаламжийн хүүнээс 2016 онд 51.4 тэрбум төгрөгийн орлого НДС-д орж байсан бол 2017 онд 90.1 тэрбум, 2018 онд 56.6 тэрбум, 2019 оны аравдугаар сарын байдлаар 58.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орсон байна. 


-Танай салбарынхан банктай хуйвалдаад хүүгийн орлогыг нь шамшигдуулдаг юм биш үү. Олны дунд тийм яриа байх юм. Ер нь үүнд хэн хяналт тавьдаг юм бэ?


-Тийм зүйл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламж нь хүүгээ сар бүр авах урьдчилсан нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, хүүгээ сар бүр аваад дараа сард нь банкнаас хүүгээс хүү тооцуулаад явдаг гэсэн үг. Өнөөдөр л гэхэд манай хадгаламжийн хүү 14-өөс доошгүй хувьтай байхад ХААН банкны байгууллагын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү 12.8, Төрийн банкны урьдчилсан хүүт хадгаламжийн хүү 12.5 хувь байна. Хяналт шалгалтын газар, дотоод аудит мониторингийн газар аудит хийж, дүгнэлт гарган Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд, зөвлөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тогтмол тайлагнадаг. Мөн жил бүр Үндэсний аудитын газар, МХЕГ, ХНХЯ болон Сангийн яамны аудит хийж байна. Энэ олон шалгалтаар хууль, журам зөрчсөн, мөнгө, төгрөг шамшигдуулсан зөрчил илэрч байгаагүй.


-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд зүй зохистой менежмент хийж өсгөх хэрэгтэй тухай эдийн засагчид их ярьдаг. Бусад оронд хувьцааны зах зээлд гаргах, хөрөнгө оруулах гэх мэт туршлагууд байдаг юм билээ?


-Нийгмийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн Япон, Сингапур, Солонгост хуримтлалын сангийн хөрөнгөд менежмент хийх ажлыг тэтгэврийн даатгалын байгууллага бус бие даасан мэргэжлийн байгууллага өндөр хяналт дор эрхэлдэг. Тухайлбал, сангийн хөрөнгөөр аж үйлдвэрийн салбар буюу цахилгаан холбоо, төмөр зам, хурдны зам, эмнэлэг, орон сууц зэрэгт хөрөнгө оруулж, арилжааны банканд байршуулах, эрсдэлгүй ашигтай бизнест оруулах, дотоод, гадаадын бонд, хувьцаа худалдан авах зэргээр өсгөх туршлага бий. Мөн сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор давхар даатгалд даатгуулах нь ч бий. Гэвч манайд одоогоор эрх зүйн зохицуулалт ямар байгааг би дээр хэлсэн. Тиймээс Нийгмийн даатгалын хуулиудыг шинэчлэн боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг ХНХЯ гүйцэтгэж байна. Үүнд хуримтлалын сангийн мөнгөөр хөрөнгө оруулах ажлыг нийгмийн даатгалын байгууллага бус бие даасан мэргэжлийн байгууллага эрхлэх хувилбар ярьж байгаа.


-Цаашид НДС-гийн чөлөөт үлдэгдэл, мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй байлгах талаар ямар бодлого барьж байгаа вэ? 


-Арилжааны банкуудад хугацаатай хадгалуулахаас гадна 2020 оноос Монголбанкны үнэт цаасны арилжаанд орохоор судалгаа хийж, бэлтгэл ажлаа хангаж байна. Монголбанкны ерөнхийлөгчид санал хүргүүлснийг дэмжсэн. Ингэснээр сангийн хөрөнгийг эрсдэлгүйгээр, үр өгөөжтэй өсгөх боломжтой.

Холбоотой мэдээ