Истанбулд Монголын өдөрлөг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-12-09 10:00:10

Истанбул /МОНЦАМЭ/. Истанбул дахь Ерөнхий консулын газрын ивээл дор “Монгол ахан дүүс” ТББ, Туркийн аялал жуулчлалын “Mantra travel” агентлаг хамтран Монголын өдөрлөгийг Истанбул хотноо өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.

Монголын түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах зорилгоор тус өдөрлөгийг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр турк иргэдийн Монгол Улсад аялсан талаарх аялал жуулчлалын сэдэвт гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаснаас гадна “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийн урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн хүрэлцэн ирсэн зочдыг үндэсний хоол бууз, хуушуур, сүүтэй цай, аарцаар дайлан, уртын дуу, хөөмий зэрэг соёл урлагийн тоглолт сонирхуулав.

“Монгол ахан дүүс” ТББ-ын тэргүүн Б.Мөнхмаа хэлэхдээ, “Энэ удаагийн өдөрлөг Монгол, Турк улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум”-тай давхацсанаараа онцлогтой байлаа. Өдөрлөгт Туркийн “Mantra travel” агентлаг үйл ажиллагаагаа танилцуулж цаашид Монгол руу хийх аялал жуулчлал болон энэхүү салбарт хувь нэмрээ оруулах талаар харилцан туршлага судалсан юм" гэв.

Энэ удаагийн өдөрлөгт аялал жуулчлал сонирхдог компани болон хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй турк иргэн оролцов.



Холбоотой мэдээ