Хятадын аж үйлдвэрийн компаниудын 98 хувь нь үйл ажиллагаагаа сэргээгээд байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-30 20:16:38

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар Хятадын аж үйлдвэрийн компаниудын 98.6 хувь нь үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа талаар тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас өнөөдөр мэдээлэв.

            Мөн дээрх аж ахуйн нэгжүүдийн ажил олголтын байдал 89.9 хувьтай сэргээд байгаа аж.

            Гэвч олон улсад коронавирусний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын гадаад худалдааны экспорт, импорт улам бүр муудах төлөвтэй байгаа нь тус улсын эдийн засагт тулгарч буй сорилт болоод байна.

            Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шин Гуобин өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, оны эхний хоёр сарын байдлаар тус улсын аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг 13.5 хувиар, ашиг 38.3 хувиар тус тус буурч, аж ахуйн нэгжийн алдагдал 36.4 хувьд хүрсэн гэв. Тодруулбал, томоохонд тооцогдох 41 төрлийн аж үйлдвэрлэлийн дотроос 30 төрлийн аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг хоёр оронтой тоогоор буурч, жижиг дунд үйлдвэрүүдэд үзүүлэх сөрөг нөлөө их байсан байна.

            Гэсэн хэдий ч Хятад улс орон даяар аж үйлдвэрийг сэргээх зорилгоор өнгөрсөн сарын сүүлээс эхлэн үе шаттайгаар дэмжих арга хэмжээ авсны дүнд Гуандун, Жянсу, Жөзянь, Шаньдун, Фүзянь зэрэг аж үйлдвэрийн голлох мужуудын үйлдвэрүүд үндсэндээ бараг бүгд үйл ажиллагаагаа сэргээгээд байна.

            Одоогийн байдлаар Хятад улсын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн 70 хувь нь үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа аж.

            Олон улсад коронавирусний тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор тус улсын гадаад худалдааны эргэлт буурч, цаашид ч буурах хандлагатай байгааг тэрээр онцоллоо.

            Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан статистик мэдээллээр, оны эхний хоёр сарын байдлаар тус улсын экспорт, импорт өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, тэр дундаа экспорт 15.9 хувиар буурсан байна.

   

    

Холбоотой мэдээ