Монголын офицеруудыг Орост бэлтгэхийг санал болгов

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-05-02 21:50:53

МОСКВА. /RIA Novosti/. Монголын офицеруудыг Оросын их, дээд сургуулийн өмнөх бэлтгэл факультетэд бэлтгэдэг байсан уламжлалыг сэргээхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монголын цэргийн байгууллагад санал болгов.  

“Боловсон хүчин бэлтгэхэд бид та бүхэнтэй үр дүнтэй хамтран ажилладаг байсан бөгөөд энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Их, дээд сургуулийн өмнөх бэлтгэл сургалтад хамруулах зэргээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж бидэнд бий” гэж Шойгу Монголын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзах үеэрээ хэлжээ. Урьд нь Монголын офицеруудыг Суворовын цэргийн сургуульд бэлтгэдэг байсныг тэрбээр дурдсан байна.

Орос, Монголын харилцаа бусад салбарт ч маш идэвхтэй хөгжиж байгааг тэрбээр мөн хэлжээ.

Батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаа болон хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх явдлыг Монгол Улс маш их ач холбогдолтой гэж үздэг болохыг Ц.Цолмон цохон тэмдэглэсэн байна.

Аюулгүй байдлын олон улсын бага хурлыг Москва хотод амжилттай зохион байгуулсанд тэрбээр Шойгуд талархлаа илэрхийлжээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ