Зах, худалдааны төвөөс QR код уншуулан и-баримт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-13 08:22:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цахим төлбөрийн баримт олгох ажлыг хялбар, шуурхай болгох зорилгоор худалдаа, үйлчилгээний төвүүдэд QR код бүхий наалтыг Монгол Улсын хэмжээнд 9 дүгээр сарын нэгнээс эхлэн нэвтрүүлж байгаа аж. Ингэснээр аж ахуй нэгжүүд и-баримт олгохдоо заавал төхөөрөмж ашиглан цаас хэвлэхгүйгээр цахим хэлбэрээр шууд олгох боломж бүрдэх юм. QR кодтой наалтыг тухайн байгууллагад нааж байршуулаад иргэд гар утаснаасаа “www.ebarimt.mn” апп ашиглан уншуулж баримтаа цахимаар бүртгүүлнэ.

Энэ ажлын хүрээнд аймгийн Татварын хэлтсээс өнөөдрийн байдлаар томоохон худалдааны төвүүдийн лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний нийт 647 бизнес эрхлэгч татвар төлөгчдөд QR кодыг байршуулжээ. Ингэснээр иргэд зах, худалдааны төвд хийсэн худалдан авалтынхаа и-баримтыг авахын тулд аппликейшндээ нэвтэрч, камер хэсгээр тухайн татвар төлөгчийн QR кодыг уншуулж төлбөрийн баримтаа шууд утсаараа авах аж. Үүний дараагаар татвар төлөгчийн мэдээлэл гарч ирэхэд ebarimt үүсгэх гэх товчлуурыг дарж, үнийн дүнгээ оруулан баримт авах хэсгийг дарна. Харин татвар төлөгч нь ebarimt аппликейшний татвар хэсэг рүү орж, баримтыг баталгаажуулах ажээ. Энэхүү үйлчилгээ нь нэмэлт дэд бүтэц шаардлагагүй үнэ төлбөргүйгээр, цаасгүй эко төлбөрийн баримт олгох томоохон шийдэл юм.

 

Холбоотой мэдээ