Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж, чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-16 15:11:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 


Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлт гаргаж байгаагаа салбарын сайд танилцууллаа.


Ноднин улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийт 536.6 мянган га-д тариалжээ. Ургац хураасан дүнгээр нийт 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Үүнийг 2019 оны ургацын дүнтэй харьцуулбал, үр тариа 7.4 мянган тонноор, төмс 50.4 мянган тонноор, хүнсний ногоо 20.4 мянган тонноор, тэжээлийн ургамал 52.1 мянган тонноор тус тус нэмэгджээ.


Хэдийгээр хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж, газар тариалангийн үйлдвэрлэлд өсөлт гарч байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаа зэргээс шалтгаалан техникийн шинэчлэл хангалттай түвшинд хийгдэхгүй, бордоо, ургамал хамгааллын бодисыг 100 хувь импортоор авч байна.


УИХ-аас 2008 оны тавдугаар сарын 29-нд баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.


Статистик мэдээгээр энэ хууль хэрэгжсэнээс хойш нийт нэг их наяд 47.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлжээ. Ингэснээр, тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгасан байна. Мөн үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулах шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, соортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байна. Энэ нь зарцуулах хөдөлмөрийн нэмж өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм.


Нөгөө талаар Коронавируст цар тахалтай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгох эрсдэл дагуулж байгаа.


Түүнчлэн 2010 онд шувууны аж ахуй эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч одоогийн байдлаар  хэвийн явуулж байгаа 9 аж ахуйн нэгж байна. Улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөр хэрэглэдэг бөгөөд үүний 52 хувийг дотооддоо, 48 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэх өндөгний хэмжээ өсөж байгаа ч үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлага бий болжээ.


Хуулийн төсөл батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ