“Ikea” хуучин тавилгаа худалдаж авна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-05-05 16:58:48

СТОКХОЛМ. /BBC/. Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани бүтээгдэхүүнүүдийнхээ хаягдлыг бууруулахын тулд хуучин тавилгаа худалдаж авч, эргүүлэн худалдахаар болсноо мэдэгджээ.


Энэхүү шийдвэрийг 2030 он гэхэд “байгаль орчинд ээлтэй” компани болох зорилгынхоо хүрээнд гаргажээ. Ингэснээр хэрэглэгчид хэрэглэхээ больсон, цэвэрхэн эдэлсэн тавилгаа буцаан өгч, тухайн дэлгүүртээ ашиглах ваучер авах боломжтой байна.


Ikea” энэхүү санаачилгын талаарх судалгаагаа үргэлжлүүлсээр байгаагаа мэдэгдсэн ч хэд хэдэн хотод явуулсан туршилт амжилттай болсныг харгалзан ийнхүү шийдвэрлэлээ хэмээн тайлбарлажээ.


Өнгөрсөн 11 дүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлуулаад байсан энэ санаачилгыг одоо Их Британи даяарх “Ikea”-гийн дэлгүүрүүдэд нэвтрүүлжээ. Мөн “Ikea” үйл ажиллагаагаа явуулдаг 26 орондоо хэрэгжүүлэх ажээ. 


Хуучин тавилгуудыг худалдан авах үнийн хувьд, сэв зураасгүй бол үндсэн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх үнээр, бага зэрэг зураастай бол 40 хувь, нэлээд зураас гарсан бол 30 хувьтай нь тэнцэх үнээр худалдан авах гэнэ. 

Холбоотой мэдээ