ГИХГ-ын үйлчилгээний хураамжийг “Гэрэгэ киоск”-оор төлдөг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн "Гэрэгэ киоск"-ийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
"Гэрэгэ киоск"-оор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой болж байна. Үйлчилгээний нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, “Гэрэгэ системс” ХХК-ний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргал нар оролцов.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ дагуу манай байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үйлчилгээгээ үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Тухайлбал, бид эхний удаад "Evisa.mn" цахим үйлчилгээний сайтыг нэвтрүүлж виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн үйлчлүүлэгчдийн чирэгдлийг багасгах зорилгоор гадаад иргэдийн бичиг баримтыг баталгаат шуудангаар хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бас нэгэн үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа нь цахим төлбөрийн "Гэрэгэ киоск" юм. Уг үйлчилгээ нэвтэрснээр, төлбөр төлөхийн тулд банкны урт дараалалд зогсох шаардлагагүйгээр төлбөрийн картаа ашиглан ямар нэгэн нэмэгдэл шимтгэлгүйгээр төлбөр, тооцоо хийх боломж бүрдсэн. Энэ нь хотын төвөөс алслагдсан манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн хүндрэл, чирэгдлийг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна” хэмээв.
Мөн "Гэрэгэ киоск" машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулахаар болсон байна. Ингэснээр гадаадын иргэд, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нээгдэнэ хэмээн онцоллоо.
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас төрийн болон хувийн хэвшилд ашиглаж буй аль ч "Гэрэгэ киоск"-оос англи, солонгос, хятад орос зэрэг 4 орны хэлнээс сонголтоо хийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлжээ.
Ташрамд мэдээлэхэд, Гэрэгэ киоск нь 12 аймагт, 120 гаруй байршилд байдаг бөгөөд нэг сая гаруй иргэн байнгын үйлчилгээ авдаг байна.