ЭМБ-ын ажилчдын 30 орчим хувийг сувилагч, тусгай мэргэжилтэн эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-12 21:42:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 242 сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтэн байна. Энэ нь ЭМБ-ын нийт ажилчдын 30 орчим хувийг эзэлж байна. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан ахмад сувилагч, одоо ажиллаж байгаа сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Баярлалаа-2022” баярын үйл ажиллагааг аймгийн ЭМГ-аас зохион байгууллаа.


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын үеэр нэмэлтээр эмнэлэг дэлгэх, хөл хорио тогтоох, ойрын хавьтлыг тусгаарлан ажиглах, байнгын болон хөдөлгөөнт пост ажиллуулах, явуулын шинжилгээний цэгийг зохион байгуулах, ариутгал халдваргүйжүүлэлт, дархлаажуулалт хийх, хилийн нэвтрэх цэгийн хариу арга хэмжээ зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулахад сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо хамгийн их байсан. Цар тахлын үед ачааны хүндийг үүрч, гол хүч болон ажилласан сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ онцгойлон баяр хүргэж, ажлын амжилт хүсье хэмээн аймгийн ЭМГ-ын дарга П.Болормаа хурлыг нээж үгээ хэлэв.

Сүүлийн хоёр жил эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл улс аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаад мөн тэдний үүрэг оролцоо их гэдгийг тодотгов. Цаашид ЭМГ-аас сувилахуйн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, сувилагч тусгай мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө боловсруулж ажиллаж байгааг ч мөн танилцууллаа.

Харин аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч, эмч, эмнэлийн ажилтнуудын ажил мэргэжилдээ ашиглаж, хэрэглэж байгаа техник хэрэгслүүд харьцангуй сайжирсан, цаашлаад ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ЭМБ-ын ажилтнуудыг тусгайлан шагнаж урамшуулах тухай тусгагдаж, биелэлээ олж эхэлсэн. Жилд 20 орчим сая төгрөгийн шагналын сантай энэ урамшууллын тогтолцоо цаашид үргэлжилнэ. Сүүлийн жилүүдэд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилж байгаа. Гэсэн хэдий ч шинэ эриний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, сувилахуйн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэх хамт олон байхыг захив.

Баярын хуралд 13 сумын ЭМБ-ын сувилагч, эх баригч, тусгай мэргэжитнүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр өндөр үр бүтээлтэй ажилласан ажилчдыг ЭМЯ болон аймаг, салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм.

Монгол Улс Олон улсын сувилагчдын өдрийг 25 дахь жилдээ “Сувилагчдын биеэ даасан байдал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ