О.Гандиймаа: Манай музей үзмэрийнхээ чанар, тоогоор улсад дээгүүрт ордог, хосгүй үнэт үзмэр хоёр байдаг

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-18 13:52:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 18-ныг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн Бүртгэл мэдээллийн ажилтан О.Гандиймаатай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд музейд 16 дахь жилдээ ажиллаж буй юм.


-Танд олон улсын музейн өдрийн мэндийг хүргэе. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Очирхуягийн Гандиймаа гэдэг. 1982 онд төрсөн. 2003 онд МУБИС-ийг Түүх, утга зохиолын ангийг төгссөн, багш мэргэжилтэй. 2005-2006 онд Баруун-Урт сумын Тэмүүлэл цогцолбор сургуульд түүхийн багшаар ажиллаж байгаад 2006 оноос аймгийнхаа Угсаатны зүйн музейд ажилд орж байлаа.

-Анх ажилд орж байсан үеэ дурсвал?

-Музейн тайлбарлагчаас эхлээд бичиг хэрэг, сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан гээд бүхий л ажлыг нь хийж үзсэн.  Анх ажилд ороход 3 мэргэжилтэн, 4 харуул, 1 үйлчлэгчтэй яг тухайн үедээ мэргэжлийн орон тоо маш цөөтэй байсан. Мэдээж шинэхэн ажилд орчихоод, олон мундаг хүмүүсийн энэ сайхан үзмэрүүдийн тухай цээжилж, хүмүүст зөв тайлбарлаж, ойлгуулж чадах болов уу гэдэг айдас их байсан. Хэдий цөөхүүлээ байсан ч тухайн үеийнхээ чадварлаг хамт олноосоо их зүйлийг сурсан.  

-Одоо музейдээ ямар ажлыг хариуцдаг вэ, таны ажлын онцлог нь?

-Одоо аймгийн Угсаатны зүйн музейн Бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байна. Ажлын байрны гол онцлог үзмэрээ бүртгэн баримтжуулах, үзмэртэй холбоотой мэдээлэл, бусад холбогдох үзмэрийн хамтаар бүртгэн, архивт хадгалдаг. Мөн үзмэрийнхээ тодорхойлолтыг программд суулгаж, зургаар баримтжуулан соёлын өвийн нэгдсэн мэдээллийн санд илгээдэг. Үзмэртэй холбоотой маш нарийн мэдээлэл, цаашлаад он удаан жилд хадгалагдаж үлдэх барим бичиг учир нягт нямбай байхыг шаарддаг.

-Ажлынх нь сайхан болоод хүнд хэцүү нь юу байна?

-Ажилдаа их дуртай, ер нь л миний ажил их сайхан. Аймаг орон нутгийнхаа түүх соёлыг бусдад түгээж, танилцуулдаг. Үүгээрээ дамжуулаад бид өөрсдөө ч энэ талын мэдлэгээ байнгын тэлж, шинэчилж байдаг, өөрөө хөгждөг. Яг ингээд дотор нь ажиллахаар манай нутаг ямар их түүх, өв соёлтой, ямар агуу хүмүүстэй байсан юм бэ гэдгийг байнга мэдэрч, түүгээр бахархаж омогших сэтгэл төрдөг. Энгийн иргэд үүнийг нэг бүрчлэн мэддэггүй шүү дээ. Нэг удаа үзээд, сонсоод л өнгөрдөг. Тийм учраас музейчид бид нэг талаар их азтай хүмүүс. Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Хэцүү зүйл байдаг. Наад захын жишээ гэхэд бидний цалин, урамшуулал маш бага. Ер нь үнэхээр ажилдаа чин сэтгэлээсээ дуртай хүн л музейд үлддэг. Шинээр ажилтан орж ирээд цалингаас болж гарах тохиолдол орон нутагт цөөнгүй л байдаг.

-Музейчдийг хүнд нөхцөлд ажилладаг гэдэг шүү дээ?

-Тийм ээ. Энэ бол бидний биш мэргэжлийн байгууллагынх нь гаргасан дүгнэлт. Манай музейчид хортой нөхцөлд ажилладаг, гэсэн мөртлөө ажлын байрны нөхцөлийн нэмэлт төсөв гэж байдаггүй. Ийм байсан ч түрүүний дээр хэлдгээр үнэхээр ажилдаа дуртай, сэтгэлтэй хүн л музейд ажилладаг. Ихэнх хүмүүс музейнхэн юу хийдэг юм, хүн ирвэл үзмэрээ танилцуулаад л болоо, үзэгчгүй бол зүгээр л сууж байдаг гэж ойлгодог. Гэтэл энэ бол үгүй юм аа. Бид бусдын адил, зарим тохиолдолд түүнээс ч илүү их цагаар, ачаалалттай ажилладаг. Мэргэжилтэн тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй.  


-Ажлынхаа өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-Манай музей 10 танхим, 2500 гаруй үзмэртэй. Үйл ажиллагаа, үзмэрээ сурталчлах зорилгоор хүүхэд багачууд, зочдод танхимаар үйлчлэхээс гадна цахим музейг тогтмол хийж онцлох үзмэрүүдээ цувралаар танилцуулдаг. Нутгийн уран бүтээлчид, цуглуулагчидтай хамтарсан үзэсгэлэн дэглэх ажлуудыг хийж заншсан. Залуучуудын өдөр буюу сар бүрийн 25-нд орон нутгийнхаа залуучуудад, мөн ХБИ, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Манайх жилд 3000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд музейг зорих иргэдийн тоо илүү нэмэгдэж байгаад үнэхээр баярладаг.

-Ажилтайгаа холбоотой ямар хүсэл, мөрөөдлийг ойрын хугацаанд хэрэгжиж биелээсэй гэж бодож байна?

-Мэдээж ийм мөрөөдөл байлгүй яахав. Хамгийн түрүүнд музей маань шинэ байртай болоосой гэдэг мөрөөдлөө л хэлнэ дээ. Одоогийн энэ барилга маань олон жил болсон учир муудсан, үйл ажиллагаа явуулахыг хориглосон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт ч гарсан байдаг. Танхимын тоо хүрэлцээгүйгээс гадна ер нь цаашид үзмэр хадгалах ямар ч боломжгүй болсон, шаардлага хангахгүй болсон гэж үздэг. Хэдхэн хоногийн өмнө бид Өмнөговь аймгийн шинэ музейтэй танилцаад, туршлага судлаад ирсэн. Үнэхээр биширсэн бас битүүхэн атаархсан. Хэрвээ манайх тийм байртай болчихвол манайд маш их боломж бий. Үзмэрийн чанар чансаа ямар билээ дээ. Энэ бол бидний давуу тал. Манай музей чинь үзмэрийнхээ чанар, тоогоор улсад дээгүүрт ордог, хосгүй үнэт үзмэр хоёр байдаг.

-Гэр бүл, хүүхдүүд нь ээжийнхээ ажилд дуртай байх?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань 18 настай, дунд охин маань дөрөвдүгээр ангид сурдаг. Хүүхдүүд маань ээжйнхээ ажлаар ирэх их дуртай, ялангуяа охин маань миний ажилд их дуртай. Хамт байсаар байгаад зарим үзмэрийн тухай бүр цээжилчихсэн байдаг. Манай сор болсон үзмэрүүдийг тайлбарлаад МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт хүртэл оролцож байсан. Ер нь гэр бүлийнхэн, хүүхдүүд маань ажлыг минь ойлгож дэмжиж байж л урам зоригтой, ажилдаа төвлөрч чадна шүү дээ. Би ч ийм байж чаддаг. Энэ ташрамд ханьдаа, гэр бүлийнхэндээ, хүүхдүүдэдээ баярлалаа гэж хэлмээр байна.


-Хамт олныхоо талаар энэ өдөр ярих хэрэгтэй байх?

-Тэгэлгүй яахав. Анх орж байсныг бодвол одоо манайх их олуулаа болсон. Орон тоо нэмэгдээд 17 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Анх нэг хүн 3-5 хүний ажлыг хавсарч хийдэг байсан бол одоо яг л өөр өөрийн үндсэн ажлаа хийж байна. Сүүлийн жилүүдэд манайх их залуужиж, шинэ залуу боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлж байгаа. Манай хамт олон эвсэг, найрсаг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг их чадварлаг баг гэж би боддог. Мэдээж хоёр дахь гэр бүл минь болсон хамт олноороо үргэлж бахархаж явдаг даа.

-Үе үеийн ажилчдадаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Ийм боломжийг олгож байгаад баярлалаа. Манайд гэр бүлээрээ ажиллаж байсан ахмад ажилчид ч байдаг. Музейн зүгээс ахмадуудтайгаа мэдээж харилцаа холбоотой ажилладаг. Ингээд нийт ахмадууд болон үе үеийн ажилчдадаа, хамт олондоо олон улсын музейн өдрийн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсанд баярлалаа,



Холбоотой мэдээ