Номын баяраар үлгэрийн баатрууд цуглав

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-20 14:14:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл ажиллагааг энэ онд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус аймагт номын баярын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр номоос амилсанМиний дуртай баатрууд” сэдвийн хүрээнд үлгэрийн баатрууд нэгэн дор цугласан нь онцлог байв.  

Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, “Илүү ихийг уншьяномын баярын үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцохыг аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа уриалав.

Аймгийн Нийтийн номын сан жил бүр энэ өдрийг бүх нийтийн хүрээнд орон нутагтаа тогтмол тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд номын сангийн үйл ажиллагааг цахимаар олон нийтэд танилцуулах, иргэдтэй хамтран ховор нандин номын үзэсгэлэн гаргах, тэргүүний уншигч хүүхэд, гэр бүл, байгууллага шалгаруулах, нутгийн зохиолчдыг оролцуулсан “Уран зохиолын үдэш” уулзалт ярилцлага зэрэг үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байгаа тухай Нийтийн номын сангийн дарга Х.Мөнгөн-Өлзий ярилаа.

Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг аймгийн соёл урлагийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг баярт орон нутгийн иргэд ч идэвхтэй оролцдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд иргэдийн ном унших дадал нэмэгдэж, Сүхбаатарынхан нас харгалзахгүйгээр номтой нөхөрлөдөг болсныг холбогдох байгууллагууд онцолж байна. 

Холбоотой мэдээ