Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-06 14:03:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийг хүлээн авч уулзав.


Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв.


Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлэв.


Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Холбоотой мэдээ