БАЯНХОНГОР: Баянхонгор хайрхны элсийг аманд хийхэд уусан алга болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-14 14:46:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Галуут сум нь хойд талаараа Архангай аймгийн Чулуут, Их Тамир сум Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант сумтай хил залгадаг. Хангайн нурууны салбар уулс, хөндий хоолой дэл сэрвэн хосолсон 504.7 мянган га эдэлбэр нутагтай. Далайн түвшнээс дээш 3539 м өргөгдсөн Гурван Анагийн нуруу, хамгийн доор газар нь 2117 м өндөрт байрлах Баянхонгор хайрхан уулын өвөр юм.
Сумын төв нь Баянхонгор хайрхан уулын өвөрт Харганын голын хойд хөндийд байрлана. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайтай ажээ. Тус сумын нутаг тахилга, шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь тус сумын сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг, Бүрэн хайрхны эзэн хөх бух унасан өвгөн хүн байдаг гэж домогт өгүүлдэг. Баянхонгор хайрхныг 3 хоног наадам хийж тахидаг байжээ.
Мөн Үйзэнгийн баг Дааган дэлийг, туслагчийн баг Өлзийтийг, ёстын баг Уушигний хадны тахилгыг, Жононгийн баг Буян голын зүрхийг гол баг Хуримт нуурыг, Мэрэгний баг, Балгант-Хайрханыг, Зүүн баг Доромтыг тус тус тахидаг байсан байна.
Энэ удаад тус сумын уул нуруудын мэдээллийг хүргэж байна.

Баянхонгор хайрхан

Баянхонгор хайрхан нь Халхын Сайн ноён хан аймгийн Цогтой гүний хошуу, Дархан гүний хошуу, Чин сүжигт номун ханы шавийн гурван хошууны ард түмний шүтээн дээдэлж тахиж, шүтэж ирсэн. Баянхонгор аймаг анх байгуулагдсан цагаасаа эхлээд Бөмбөгөр, Баян-Овоо сумын нутагт байрлаж байгаад сүүлд Галуут сумын Хонгор хайрхан уулын өврөөс 1961 онд одоогийн Номгон уулын ар Түйн голын хөвөөнд ирсэн түүхтэй. Баянхонгор хайрхан уулыг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Аймгийн тахилгат" уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Хайлдаг элс
Элсийг аманд хийхэд хайлдаг гэхэд үнэмшилгүй санагдах нь лавтай. Галуут сумын төвийн чанх хойдох Баянхонгор хайрхны элгэнд халз тогтсон элсийг аманд хийхэд уусан алга болдог. Нутгийнхан энэ элсийг хайлдаг элс хэмээн хайрлан дээдэлдэг.

Бүрэн хайрхан уул
Галуут сумын төвөөс хойд зүгт 3000 орчим метрийн өндөртэй Бүрэн хайрхан уул хэмээх сүрлэг сайхан уул бий. Эртний мөстлийн ул мөр хадгалагдан үлдсэн энэхүү уул нь аялагч хэн бүхэнд байгалийн хосгүй үзэсгэлэнт байдлыг бишрэн хүндэтгэх, бахархах сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй.
Бүрэн хайрхан уулын тухай домог:
Чин сүжигт номун ханы анхдугаар дүр Лувсанноровшарав анх байгуулсан хийдээсээ Шар зуу сүм рүү шилжин суухаар шийджээ. Энэ тухайгаа нутгийн ард иргэд, шавь нартаа хэлээд уул овоогоо тахих болж гэнэ. Говийн Ямбат хайрхнаас эхлээд хангай хүртэлх нэлээд олон уул овоо тахисаар хамгийн сүүлд Бүрэн хайрхны уулыг тахих болжээ. Бүрэн хайрхан уулыг тахих үед зуны сар байтал хөх бух унасан үстэй дээл, малгайтай хүн уг нутгийн жаяг ёсыг зөрчин гэгээнд бараалхахаар ирэхэд гэгээний бараа бологч нар дургүйцэж шанзав түшмэд өмнөөс нь очиж аашилж загнажээ. Гэтэл Номун хан: Чи юу мэдэж энэ хүнийг аашилж загнав хэмээн зэмлэж тэр ирсэн өвгөнтэй эрх тэгш мэндлэн золгож, дээд зэргээр хүндлэн ярилцсанд хүмүүс их гайхаж сандарч байсан гэдэг. Харин нөгөө хүн гэгээнд “Та биднийг орхиж явж болохгүй энэ нутагтаа тогтож хайрла” гэж хэлэхэд Номун хан Бүрэнхайрхан намайг явуулах дургүй байгаа юм бол шилжиж явахаа байя гэж хэлээд буцсан юм гэдэг.

Хангайн нуруу
Хангайн нуруу нь тус орны төв хэсэгт баруун хойноос зүүн урагш чиглэлтэйгээр өргөргийн дагуу 750 гаруй км сунан тогтсон уулт тогтолцоо бөгөөд ерөнхийдөө цулдам бүтэцтэй, өмнөд хэсэг нь илүү өндөр, хойд буюу зүүн хойд хэсэг нь хэвгий байдалтай.
Хангайн нуруу нь Монгол орны байгалийн ерөнхий тэнцвэр, зохицолдоог хадгалж улмаар ой, тайга, говь, цөлийн аль алины тархалтын хүрээг хязгаарлаж байдаг байгалийн их мужийг үүсгэдэг байгаль газарзүйн хувьд өвөрмөц тогтоц бүхий уулархаг нутаг юм. Тус уулт тогтолцооны уулсын орой хяр нь хавтгайдуу эсвэл бөмбөгөрдүү хэлбэртэй, хажуунууд нь ихэнхдээ налуувтар байна.
Галуут сумын нутагт Хангайн гол нурууны Бүрэнхайрхан уул, Модот уул, Далайн зүүн уул, Даваат уул, Гэрт уул, Сэрвэн уул, Эрээн уул зэрэг байгалийн үзэсгэлэн цогцолсон өндөр, дундаж өндөр уулс бий. Зарим уулсын хавтгайдуу орой, хяр дээр уулын нуга бүрэлдэн тогтсон байх нь үнэхээр сонин бөгөөд гайхалтай юм.
Холбоотой мэдээ