Монголын эзэнт гүрний тухай судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Чингис хаан Үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоо хамтран зохион байгуулж буй "Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
ОХУ-ын Алс Дорнодын түүх археологи угсаатан зүйн хүрээлэнгийн
захирал, Чингис хаан судлалын олон улсын холбооны ерөнхийлөгч Николай
Николаевич Крадин “Манай холбоо нь Монголын эзэнт
гүрэн болоод Чингис хаан судлаачдыг нэгтгэх, тэдний бүтээлийг дэлхий дахинд таниулах зорилготой.
Дэлхийн өнцөг булан бүрд олон тооны судлаач, археологичид энэ чиглэлээр ажилладаг
тул тэдэнд судалгааны үр дүнгээ
хуваалцах, харилцан туршлагаасаа солилцох, хамтран ажиллах боломжийг энэхүү хурал олгож байна" гэж хурлын ач холбогдлыг тодотгов.
Хуралд оролцогч Монгол, Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Герман орны эрдэмтэн судлаачид Монголын эзэнт гүрэн ба харьяат улсууд, тэдгээрийн улс төрийн институц, шашин шүтлэг, угсаатны цөөнх, худалдаа солилцоо зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Наполын их сургуулийн профессор Лоренцо Публици “Алтан ордны улс, Европын орнууд хоорондын харилцаа холбооны талаарх хориод жилийн хугацаанд хийсэн судалгааны дүнгээр бол, монголчууд өөрсдийн эзэлсэн улс орнуудыг хүчээр барьж, соёлоо тулгахаасаа илүүтэйгээр тухайн улс оронд тохирох аргаар удирдан чиглүүлдэг байжээ. Тиймээс ч өнөөдрийн илтгэлдээ Италийн Венец, Женевийн архив болон ОХУ-ын архиваас авсан эхүүдэд энэ талаар хэрхэн бичиж үлдээснийг түлхүү ярилаа” хэмээв.
Академич С.Чулуун “Монголын эзэнт гүрэн дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, түүх соёл, оюун сэтгэлгээ, хууль, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, түүх соёлын дахин давтагдашгүй өвийг үлдээсэн.
Иймд өнгөрсөн хугацаанд Чингис судлалыг хөгжүүлэх, их хаан болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, Чингис хаан Үндэсний музейг түшиглэн Чингис судлалын төвийг байгуулах зэрэг ажлыг хийж ирлээ. Эдгээрийн нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Уг хурлын дараа Монголын эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг олон улсад зөвөөр таниулах зорилготой тусгай үзэсгэлэнг ирэх оны гуравдугаар сард Чех улсын Прага хотын Үндэсний музейд, аравдугаар сард Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлиний Түүхийн музейд тус тус дэлгэнэ. Мөн Канад, АНУ-д дэлгэхээр төлөвлөж байна” гэв.
Тус эрдэм шинжилгээний хурал 23-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.Халиунаа