СҮХБААТАР: 11 дүгээр сарын 26-ны өдрийн үйл явдлын хураангуй...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн баярын өдрөөр төр нийгмийн нэрт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Хүндэтгэлийн энэхүү ёслолд аймаг, сумын удирдлагууд иргэний
андгай болон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн иргэдийн хамт оролцсон нь онцлог байв.
Тодруулбал, энэ өдөр Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 80 сурагч андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, СУАЖЗГ-ын дарга Б.Золхүү, Залуучуудын холбооны дарга Ц.Өлзийжаргал нар гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагааг соёлын
бүтээлч сар аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс
орон даяар зохион байгуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулиа хүн бүхэн дээдэлж, өргөө гэрийнхээ хойморт, зүрх сэтгэлийнхээ гүнд нандигнаж байх өдрийг тунхаглан зарласан түүхт өдрөөр 19 албан хаагч мөн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагчийн эгнээнд нэгдлээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж улс, аймаг орон нутгийнхаа ирээдүйн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хичээн ажиллаж хамгийн гол нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг аймгийн Засаг дарга М.Идэрбат захиж байв.