ДУНДГОВЬ: Томуугаар өвчлөгчдийн 77.4 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-06 14:48:05
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 7 хоногт Дундговь аймгийн хэмжээнд амбулаториор 3473 хүн үйлчлүүлсний 52.6 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.


Дээрх үйлчлүүлэгчдийн 21.6 хувь нь дуудлагаар, 78.4 хувь нь амбулаториор үйлчлүүлсэн ба Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 167 хүний 44.9 хувь нь уг өвчнөөр өвчилжээ.


Аймгийн ЭМГ-ын мэдээлснээр, өвчлөгсдийн 77,4 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа ба өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 1 хүртэлх насны хүүхдийн өвчлөл буурч, 2-14 насны хүүхэд болон 30-аас дээш настай иргэдийн өвчлөл нэмэгдсэн байна. 


Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 30 өвчтөн хүлээн авах багтаамжтай бол 60 ор нэмж дэлгэсэн, дотрын тасаг нэмж 10 ор дэлгэсэн ба Хүүхдийн тасагт 97 хүүхэд хэвтэн амчлүүлж байгаагийн 91 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.


Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулахын тулд тус аймгийн хэмжээнд амбулатори, эмнэлэг, вирус судлалын тандалт судалгаа хийх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах, орны нөөцийг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, бэлэн байдлыг хангах, эмийн сангуудыг уртасгасан цагаар ажиллуулж, сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах, өрх, сумын эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгааг аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс тодотголоо. 

Холбоотой мэдээ