Сүүлийн гурван жил 91 өрх шинээр үйлдвэр байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:03:30

Ховд аймаг, орон нутагт жижиг, дунд, үйлдвэр байгуулах санал санаачилгыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих, ахуйн үйлчилгээний салбарыг шинэ түвшинд хүргэх, жижиг дунд үйлдвэр байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусган, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

2015 оны 11 дүгээр сарын байдлаар “Сум хөгжүүлэх сан” аймгийн хэмжээнд нийт 4309,0 сая төгрөгтэй болсноос энэ онд зээлийн эргэн төлөлтөөс нийт 221 төсөлд 1188,0 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, 254 ажлын байр шинээр бий болж, 180 ажлын байр хадгалагдсан байна.

2013-2015 онд Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 42 төсөлд 1402,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож энэ жил аймагт 500.0 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр хуваарилагдснаас 19 төсөл арилжааны банкуудтай гэрээ байгуулж 355,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж, 145 сая төгрөгийн 6 төслийн санхүүжилт судалгааны шатанд байна.

Зэрэг, Үенч, Мөст, Мянгад, Жаргалант, Дөргөн, Дуут, Буянт, Эрдэнбүрэн, Мөнххайрхан, Цэцэг, Чандмань, Алтай, сумууд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бизнес инкубатор төвийг байгуулж, иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ жижиг үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдэд Сум хөгжүүлэх сангаас ахуй үйлчилгээ эрхэлдэг 82 иргэнд 320,1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 149,2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгож үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлжээ.

Үүний үр дүнд Ховд аймагт 2013-2015 онд 91 өрхийн болон жижиг дунд үйлдвэр шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ