Аялал жуулчлалын салбарын шилдгүүд шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2015-12-23 14:43:33

Монголын аялал жуулчлалын салбарын “Golden Compass Tourism Awards” шагналын эзэд тодорлоо.

Манлайлагчдыг дараах есөн номинациар шалгаруулж, цом, батламж олгов.

Энэхүү шалгаруулалтыг Монголын Аялал жуулчлалын холбооноос санаачлан БОНХАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан юм.

Олонд хүрсэн шилдэг эвент арга хэмжээ төрөлд Өмнөговь аймгийн Х.Түмэндэлгэр тэргүүнтэй “Гайхамшигт говь” ТББ-аас зохион байгуулдаг “Түмэн тэмээний баяр” аялал жуулчлалын арга хэмжээ, Шилдэг байгаль ээлтэй, жуулчдын зорих газраар Ц.Дашпүрэв даргатай Хустайн байгалийн цогцолборт газар, Шилдэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар Б.Намуун захиралтай “Женко Тур” компанийн Чингисийн Морьт хөшөө цогцолбор, Шилдэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн инбаунд аяллын компаниар Ш.Нэргүй захиралтай “Нью Жуулчин” ХХК, Олны талархал хүлээсэн оутбаунд аяллын компаниар Ё.Ундраа захиралтай  “Жуулчин” ХХК, Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар М.Навчаа захиралтай “Цолмон трэвел” ХХК, Шилдэг рестораны төрөлд М.Есөнмөнх захиралтай “Номадс хоспиталити” ХХК, Шилдэг хоноглох байрны төрөлд Р.Энхтайван захиралтай “Номадик Жөнис” ХХК-ийн “Жалман Мийдоуз” жуулчны бааз, Орон нутгийн шилдэг аялал жуулчлалын холбоогоор Ш.Батсугар тэргүүнтэй Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхоны хөндий нүүдэлчид” ТББ байгууллага тус тус шалгарлаа. 

Мөн Монголын Аялал жуулчлалын холбооны дээд шагнал болох “Golden Compass” буюу “Алтан луужин” одонгоор аялал жуулчлалын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан МАЖХ-ны анхны ерөнхийлөгч, “Нью Жуулчин Турс”ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүй, МАЖХ-ны хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад, Монголын анхны мэргэжлийн “Газарчин” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, салбарын томоохон судалгааны ажил, төслүүдийг хэрэгжүүлсэн “Торгоны зам” аялал жуулчлалын төслийн удирдагч, доктор Д.Гансүх, ХБНГУ-д зохион байгуулсан дэлхийн хамгийн том олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болох “ITB Berlin 2015”-д Монгол улс Түнш орноор оролцон, дэлхийд Монголыг сурталчлах ажлыг зохион байгуулсан Монголын Үндэсний Аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индраа, “Номадс хоспиталити” ХХК-ийн ерөнхий захирал М.Есөнмөнх нарыг шагнаж урамшуулсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ