Байгаль хамгаалах салбарт хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгжийг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2015-12-31 12:15:28

Монголын байгаль орчны иргэний зөвлөл, "Монгол Улсын амьтан хамгаалах сан" ТББ-аас 2015 онд байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийн судалгаа, ногоон технологи, экологийн шилдэг санал санаачлага гаргаж, байгаальд ээлтэй технологи, аргачлал нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулж, цом өргөмжлөл гардуулав.

Тухайлбал, Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, чөлөөт уран бүтээлч Д.Гэрэлийн урласан “Хаан угалз” хүрэл барималыг Байгаль, Ан амьтаны сэдэвт урлагийн бүтээлийн төрөлд шилдгээр шалгаруулжээ. Уг бүтээл нь Монголын “Улаан ном”-д орсон нэн ховор амьтан болох аргаль угалзыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулахад томоохон түлхэц үзүүлсэн хэмээн салбарын яам үзжээ. Мөн Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудыг хамгаалалтад авахад судалгаа шинжилгээний ажилд тусалсан Газарзүй хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Оюунгэрэлийг “Эко шилдэг эрдэмтэн судлаач-2015”, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамын байгууламжид шувууд хоргодох нөхцлийг бууруулах шинэ технологийн аргачлал зохион бүтээсэн Н.Тогтохыг“Эко технологи-2015” цом,өргөмжлөл олголоо.Түүнчлэн байгаль хамгаалал, экологийн сурталчилгааны чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж ногоон хөгжлийн үзэл баримтлалыг сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан “ЭКО” телевизийн хамт олныг “Эко уран бүтээлч хамт олон-2015” төрөлд шалгаруулан өргөмжиллөө.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ