Инфляци жилийн өмнөхөөс 6.6 хувиар өслөө

Монголын мэдээ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 14:45:35

Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн наймдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. 

 Инфляци 7 дугаар сараас 0.1 хувь, оны эхнээс 3.4 хувь, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн байна. Ийнхүү инфляци наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ, боловсролын үйлчилгээний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Монголбанк энэ онд инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлсэн бөгөөд эхний найман сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс 3.4 хувьтай гарлаа. 
       

                          Валютын хадгаламж 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэв

2015 оны эхний найман сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 10.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 1 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Харин төгрөгийн хадгаламж өмнөх сараас 80 орчим тэрбум төгрөгөөр буурч, валютын хадгаламж 100 орчим тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн хугацаанд төгрөгийн харилцах өмнөх сараас 30 гаруй тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх оны түвшинд хүрээгүйг статистикчид онцлов.
   

Чанаргүй зээлийн хэмжээ 865.5 тэрбум төгрөг болжээ

 Валютын харилцах өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар буурсан байна.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөг болж, үүнд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 6.6 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 7.3 хувь болж нэмэгджээ. Тодруулбал хугацаа хэтэрсэн зээл 780.4 тэрбум төгрөгт хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 865.5 тэрбум төгрөг болжээ.

Үнэт цаасны гүйлгээ 5 дахин өсөв

Монголын Хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа хийдэг болсноор гүйлгээний хэмжээ огцом өссөн. Энэ оны эхний найман сард Хөрөнгийн бирж 691.9 тэрбум төгрөгийн үнэт цаасны гүйлгээ хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Харин энэ оны эхний найман сарын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн 6  жилийн хамгийн муу үзүүлэлт юм.2011 оноос хойш зах зээлийн үнэлгээ тогтмол буурч, 2014 онд эргээд өсч эхэлсэн ч 2015 онд ийнхүү дахин буурчээ.  

Гадаад худалдааны тэнцэл  704.8 сая ам.долларын ашигтай гарлаа    

Манай улс эхний найман сард дэлхийн 140 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5798.4 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 3251.6 сая ам.доллар, импорт 2546.8 сая ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ  өмнөх оноос 1353.0 сая ам.доллар буюу 18.9 хувь, үүний дотор экспортын хэмжээ 324.2 сая ам.доллар буюу 9.1 хувь, импортын хэмжээ 1028.9 сая ам.доллар буюу 28.8 хувиар буурчээ.  Гадаад худалдааны тэнцэл  өмнөх оны эхний 8 сард экспорт, импорт тэнцүү гарч, гадаад худалдааны тэнцэл тэг байсан бол  энэ удаа 704.8 сая ам.долларын ашигтай гарлаа.  

 Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд