Ихэнх нутгаар хүйтэн жавартай байна

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2016-01-22 12:24:19

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд анхаарууллаа.

Энэ сарын 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд төвийн нутгийн зарим газраар, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэн байх боловч 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ