БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг салбарынхандаа мэндчилгээ дэвшүүллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
mn_tuul@montsame.mn
2015-09-17 11:58:59

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг салбарынхандаа мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, "Та бүхний түмэн амгаланг айлтгая. Хүн төрөлхтнийг элгэндээ тээж, амьсгалах агаар, ундлах ус, хүнс тэжээлээр хангаж, нөмөр нөөлөг болдог эх дэлхийнхээ байгаль орчныг хамгаалах ариун үйлст хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулдаг байгаль орчны салбарынхан болон эх орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ахуй соёл, түүх, зан заншлын баялаг өвийг дэлгэн танилцуулж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорин ажиллаж байгаа аялал жуулчлалын салбарын үе үеийн ахмадууд, төв, орон нутгийн салбарын байгууллагууд, хувийн хэвшилд ажиллаж байгаа Та бүхэндээ мэнд дэвшүүлж, халуун талархал илэрхийлье.

Байгаль орчны тогтвортой байдлыг хадгалж, хүний сайн сайхан байдлыг хангасан, тэгш хүртээмжтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн хөгжингүй улс болох ирээдүйг цогцлоох нэгэн үйлсийн төлөө энэ мэргэшсэн, бүтээлч хамт олонтой хамтран зүтгэж байгаадаа баяртай байна. Манай салбарынхан өнгөрсөн хугацаанд Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр, Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг болон Ус хэрэглээний норм, Аюултай хог хаягдлын жагсаалт зэргээр Усны тухай, Ойн тухай, Хог хаягдлын тухай хуулиудыг хэрэгжүүлэх дүрэм, журам, аргачлал, заавар боловсруулан батлуулж эрх зүйн орчныг бүрдүүлсний зэрэгцээ 1 сая мод ургуулах, Туул голын эргийн дагуух хог хаягдлыг цэвэрлэн орчны тохижилт хийх, Богд уулын Зайсан, Арцатын амны уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ITB-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Түнш орноор амжилттай оролцсон гээд олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэжээ.

Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт тулгуурласан Ногоон хөгжлийн бодлогоо 2014 онд батлан хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлсон энэхүү өндөр ач холбогдолтой баримт бичгийг бодит амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, үлгэрлэн манлайлах хүндтэй, хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна. Байгалийн унаган төрхөө хадгалсан, арвин их нөөц баялагтай, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлал бүхий ард иргэдтэй манай орны хувьд тогтвортой хөгжилд хүрэх боломж дүүрэн байна гэж бид харж байна.

Энэ 9 дүгээр сард НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаас батлах “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” (Post-2015), мөн 12 дугаар сард Парис хотноо болох COP-21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар зарлах Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинэ гэрээ хэлэлцээрийн мөрөөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах, тулгамдаад байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, эко аялал жуулчлалыг бодит утгаар нь төлөвшүүлэх зэрэг их үйл хэрэг хүлээгдэж байна.

Та бүхэн санал санаачилгаа өрнүүлж, ногоон ирээдүйг цогцлоохын төлөө хамтран, дэмжиж ажиллана гэдэгт бүрэн итгэж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд