“Нүүдэлчдийн аялал жуулчлал” форум Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2016-03-11 11:55:22

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нь НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифайтай гурав дахь удаагаа уулзаж, энэ оны 1 дүгээр сард Испанийн Мадрид хотноо хийсэн уулзалт дээр үндэслэн дараахь асуудлуудыг эцэслэн тохирлоо.

“Нүүдэлчдийн аялал жуулчлал” сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан тус арга хэмжээний товыг тогтоож, форумыг 2016 оны 10 дугаар сарын 13-15-нд ДАЖБ-тай хамтран зохион байгуулахаар болов. Уулзалтын үеэр арга хэмжээний концепци, хөтөлбөрийг боловсруулах, ажлын хэсэг байгуулах зэрэг форумын бэлтгэл ажлыг эртнээс хангах талаар санал солилцжээ.

Форумыг зохион байгуулснаар Монгол Улс “Нүүдэлчдийн замаар аялахуй” аяллын брэндийг хөгжүүлэн түүний манлайлагч орон байх, олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц аяллын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн НҮБ-ын ДАЖБ-ын төвийн Ази-Номхон далайн орнуудын газарт манай улсаас аялал жуулчлалын салбарын 2 мэргэжилтэнг 6-12 сарын хугацаатай дадлагажуулан ажиллуулахаар талууд тохиролцжээ. Уулзалтаар аялал жуулчлалаас байгаль орчин, нийгэм, эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан байгуулах, аялал жуулчлалын тандалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал дахин санал солилцлоо.

Мөн ноён Талеб Рифай ирэх 4 дүгээр сард Иранд болох Ажлын хэсгийн 6 дугаар уулзалт, БНХАУ-д 5 дугаар сард зохион байгуулах “Аялал жуулчлалын сайд нарын анхдугаар уулзалт”-д оролцох урилгыг Н.Батцэрэг сайдад гардуулжээ. 

Холбоотой мэдээ