“Мөнхийн Үсэг” компани ISO-14051 стандартыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-03-22 15:26:53

Хаягдал, алдагдалгүй үйлдвэрлэл явуулж, эрчим хүчийг хэмнэх зорилготой “Загвар байгууллага”  төслийг “Мөнхийн үсэг” ХХК Монголдоо анхлан хэрэгжүүлэхээр болсныг өнөөдөр зарлалаа.

Үйлдвэрлэлийн материалын урсгал зардлын тооцоолол ISO-14051 стандартыг нэвтрүүлэх уг төслийн сонгон шалгаруулалтыг Азийн Бүтээмжийн байгууллага болон Монголын Бүтээмжийн төвөөс зарласан байна. Уг төсөлд “Мөнхийн үсэг” ХХК шалгарч, улмаар ISO-14051 стандартыг нэвтрүүлэх “Загвар байгууллага”-аар тодорчээ.

Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хаягдал алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх зэргээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, цаашлаад бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна.

“Загвар байгууллага” төсөл 12-18 сар хэрэгжих бөгөөд олон улсын зөвлөх удирдан чиглүүлж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх аж. Төсөл хэрэгжих явцад олж авсан мэдлэг туршлага, ололт амжилтыг тухайн компани түгээн дэлгэрүүлж, бусад байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, Монгол Улсын болон Дэлхийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй юм байна.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ