Азийн Хөгжлийн банкны хуралдаан анх удаа Номхон далайн бүсэд болж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
boloroo8136@gmail.com
2019-05-02 11:18:33

Нади /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн Банкны Удирдах Зөвлөл жил тутмын хуралдаанаа анх удаа Номхон далайн бүсийн Фижи улсад хийж байна. 52 дахь удаагийн уг хуралдаан Нади арал дээр салбар хуралдаан, цуврал  хэвлэлийн бага хурлаар өчигдөр эхэллээ.

Хуралд Ази, Номхон далайн бүсэд орших АХБ-ны гишүүн орнуудын Сангийн яам, төв банк зэрэг санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн яамд, хөрөнгө оруулалтын банкууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлөх 3000 орчим хүн оролцож байна. Ази Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хэлэлцдэг хамгийн чухал хуралдаанд тооцогдох болсон энэ хуралдаанд Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцож байна.

АХБ-ны  бүсийг хариуцсан ерөнхий захирлууд цуврал хэвлэлийн бага хурал зохиож байгаа бөгөөд Монголыг хамаарах Зүүн Азийн Хэлтсийн Ерөнхий Захирал Эми Лөнг АХБ нь ирэх жилүүдэд дэд бүтцийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэхийг хөхиүлэх, хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэнд, боловсрол гэх мэт гол үндсэн үйлчилгээг хүргэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэх болно гэж тэмдэглэлээ. Түүнчлэн АХБ үйл ажиллагаандаа хүйсийн тэгш байдлыг хангахад анхаарсан хэвээр байх болно гэж онцлов.

АХБ-ны Ерөнхийлөгч Такехико Накао өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Азийн улс орнууд хурдацтай хөгжиж, хөгжингүй орны эгнээнд нэгдэх болсныг тэмдэглээд АХБ ирэх жилүүдэд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, далай тэнгисийг цэвэр ариун хадгалах, хүйсийн тэгш байдал зэрэг асуудалд илүү анхаарал хандуулах болно гэж дурдлаа.


АХБ нь Монгол Улсад 430 сая ам.долларын 8 төсөл, 11.18 сая ам.долларын техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд  шийдвэрлэжээ.

 

Б.Өөлүүн



Холбоотой мэдээ