Үйлчилгээний ажилчдыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” Дундговь аймагт эхэллээ. 05 дугаар сарын 22-26-ны өдөр зохион байгуулах энэхүү сургалтад 80 гаруй хүн оролцож байна.
Тус сургалтад хамрагдсанаар говийн
бүсийн аялал жуулчлалын чиг хандлага, зочлох үйлчилгээний салбарын онцлог,
үйлчилгээний ажилтны ур чадвар, тавигдах шаардлага, орчин үеийн чиг хандлага, зочид
буудлын зөөгч, бариста, орчин цагийн хоол, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний
байгууллагын менежмент, хөгжүүлэх боломж зэрэг сэдвээр ерөнхий мэдлэг олж
авахаас гадна хоол үйлдвэрлэл, кофе чанах, коктэйль найруулах, өглөөний цай
бэлтгэх, үйлчилгээний соёл, стандарт,
харилцааны ур чадвар гээд оролцогчид өөрийн өөрийн сонирхсон чиглэлээр
мэргэшиж, дадлагажих ажээ.
Аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд
үйлчилгээний байгууллагын соёл, үйлчилгээний чанар, түүнээс хамаараад үйлчлүүлэгчиддээ
сайхан мэдрэмж төрүүлэх явдал чухал юм.
Энэ жил Дундговь аймаг “Уяхан замбуу
тивийн наран” 3000 морин хуурч, уртын дуучид оролцох урлагийн их наадам, “Хотод
ойрхон говь” эвент зэрэг жуулчдыг татах томоохон ажлуудыг зохион байгуулна.
Тиймээс энэхүү сургалт нь цаг үеэ олсон, ач холбогдол өндөртэй, үйлчилгээний байгууллагуудын
эрэлт хэрэгцээнд нийцсэн чухал сургалт болж
байна.
Тус аймгийн үйлчилгээний ажилчдыг ийнхүү
чиглэл, чиглэлээр мэргэшүүлэн чадавхжуулж, амжилттай суралцсан оролцогчид тус яамны
батламжийг гардан авах ажээ.