Үүл бууддаг генераторуудыг байнгын бэлэн байдалд орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-06 14:25:38

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарснаас хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарах нөхцөл бүрдэж байгаа тул түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шуурхай ажил эхлүүлж байгаагаа БОНХАЖЯ-аас өнөөдөр мэдээллээ.

Энэ хүрээнд шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүр ажиллуулж, түймрийн эрсдэлтэй аймгуудад түймрийн аюул болон цагийн байдлын тухай мэдээлэл хийх, эргүүл гаргах, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулга, санамж өгөх зэрэг ажлыг эрчимжүүлж байгаа аж. Мөн БОНХАЖ-ын сайдын А/80 тоот тушаал гарч, үүнийг түймрийн эрсдэл бүхий 16 аймаг болон нийслэлийн ЗДТГ, БОАЖГ, УТХГ-ын хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн бөгөөд хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгийн 35 экспедиц 38 газрын генераторуудыг байнгын бэлэн байдалд байлгаж, шаардлагатай тохиолдолд ажиллуулахад бэлэн болгожээ. Түүнчлэн Ус, цаг уур орчны мэдээлэл судалгааны хүрээлэнгээс сансрын хиймэл дагуулын зургаар өдөр тутмын түймрийн аюултай хуурайшилтын зэргийг тогтоож, ОБЕГ болон бусад газруудад мэдээлж эхлээд буй.

Тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, “Өмнөх оны мөн үеийг энэ оныхтой харьцуулахад ой хээрийн түймэр 4.4 дахин бага байна. Хэдийгээр энэ жил түймрийн улирал хожуу эхэлж байгаа ч урьдчилан сэргийлэх ажлаа эрчимтэй явуулах хэрэгтэй” гэв. Энэ сарын 5-ны байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн нийт сум, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнод, Дашбалбар зэрэг газруудад түймрийн аюулын III зэрэг буюу аюултай зэрэглэлд орсон байна.

Он гарсаар улсын хэмжээнд 4 аймгийн 9 суманд 11 удаагийн ойн түймэр гарч, 2 айлын гэр, 2 өвөлжөө, 40 тооны бог мал, 39352 га талбай түймэрт өртжээ.

Э.Бат-Уянга

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ