Малчид хашаа саравчаа засварлаж эхэллээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-02 21:36:52

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Отгон сум өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орж малчид хамтран 11 өвөлжөөг засварлаж шинээр малын хашааг барьжээ.
Ирэх өвөл амьжиргааны эх үүсвэр болсон малаа хорогдол багатайгаар даван туулахын тулд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сумын удирдлагууд, малчид хамтран хэрэгжүүлж эхэлсэн нь энэ аж. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван туулахад дулаан хэвтэр үнэхээрийн чухал юм. Манай сумын удирдлагууд тухайн үед мал маллаж байсан бүх сууриудыг дулаан өвөлжөөтэй болгож байсан юм билээ. Зах зээлийн шуурганаар ихэнх айлууд өвөлжөөгөө буулгаж сумын төвд хашаа барьсан гашуун туршлага бидэнд байгаа. Өнөө цагт мал хэдий хувийн өмч ч бид амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбартаа олон цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Малын сайн хашаа” хөтөлбөр юм.

Өнгөрсөн онд саравчтай өвөлжөө барьсан зургаан айлыг сонгож, өвөлжөөний хашаа барьдаг туршлагатай иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж орон нутгийн хөгжлийн сангаас малчин өрх бүрийн өвөлжөөний үнийн 20 хувийг төрөөс олгож дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд чулуун хороог шинээр барьж, сэргээн засварлах өрхүүдтэй сумын төрийн албан хаагчид хамтран хийж буй юм. Манай суманд намар эрт, бараг зуны сүүл сараас цас унаж хүйтэрдэг. Тиймээс бид өвлийн бэлтгэлийг одоогоос эхэлж базаахыг хичээж байна хэмээн Отгон сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ