Аз жаргалтай айл гэрийн дүрэм хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-13 13:08:42

Ховд /МОНЦАМЭ/. "Тайван амгалан-Ховдчууд" дэд хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ЗДТГ-аас "Аз жаргалтай гэр бүл" аян өрнүүллээ.

Аяны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад зориулсан сургалт зохион байгуулав. Сургалтын үр дүнд оролцогчид “Аз жаргалтай айл гэрийн найман заалт бүхий дүрэм бий болгож, хэрэгжүүлэхээр санал нэгдсэн гэнэ.    

Үүнд: Нэгдүгээрт, өдөр бүр гэр бүлдээ инээмсэглэл, халуун хайр, халамж тэврэлт бэлэглэе.

Хоёрдугаарт, үр хүүхдээ үглэж бус үлгэрлэж, уурлаж биш учирлаж, зодож бус зоригжуулж хүмүүжүүлцгээе.
Гуравдугаарт, өглөө бүр эртлэн босч, өрх гэрээ засаж, хамтдаа дасгал хөдөлгөөн хийж, аяллыг сар бүр зохион байгуулъя.

Дөрөвдүгээрт, өрх гэрийн шийдвэр гаргахад гишүүн бүрийг оролцуулж, өөдрөг амьдралыг хамтдаа бүтээцгээе.
Тавдугаарт, хориглосон хоол, хорт зуршлаас татгалзаж, өдөр бүр гэр бүлээрээ эрүүл зөв хооллоё.
Зургаадугаарт, үр хүүхэддээ үлгэрлэж дуурайх зөв үйлдлийг хэвшил болгоё.
Долоодугаарт, үндэсний уламжлалаа дээдлэн, үр хүүхэдтэйгээ шатар, шагайгаар тоглох цаг гаргаж хэвшүүлье.
Наймдугаар, үдэш бүр үр хүүхэд болон дүү нартаа монгол ардын үлгэр, сургамжит өгүүллэг уншиж өгцгөөе.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бусад байгууллагын хамт олон болон иргэд хөдөлмөрчид эдгээр дүрмийг мөн л хэрэгжүүлж хэвшихийг уриалав.

Холбоотой мэдээ