Ирэх даваа гарагаас “Байгаль хамгаалах намрын аян” нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНИрэх даваа гарагт “Байгаль хамгаалах намрын аян” нээлтээ хийнэ гэж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл өнөөдөр тус яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус аяныг “Байгаль хамгаалал-Орон нутагт” сэдвээр зохион байгуулахаар тогтжээ. Өмнө нь салбарын мэргэжилтнүүдийг нийслэлд авчирч хурал зөвлөгөөн хийх байдлаар аяныг зохион байгуулдаг байсан бол энэ жилийн голлох ажлуудаа орон нутаг руу чиглүүлж байгаагаараа онцлог аж.
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл аяны хүрээнд хийх ажлынхаа талаар, “Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах сургалт уулзалт зохион байгуулна. Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрээс баталсан эрх зүйн актыг хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг шалгана. Мөн аймгуудын Засаг дарга нартай байгуулсан энэ оны гэрээний биелэлтийг хянана. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ 1 сая мод хөтөлбөр ямар түвшинд хэрэгжиж буйг үзэж судлах зэрэг ажлыг төлөвлөөд байна” хэмээн ярьсан юм.
Энэ үеэр тус яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм Орхон голын бохирдлын асуудлыг шалгаж байгаа гэдгээ хэллээ. Учир нь өчигдөр Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хууль зүйн яамны дарга нарт Орхон голын бохирдсон усны дээжийг гардуулсан бөгөөд ажлын хэсгийнхэн газар дээр ажиллаж байгаа аж.
Үүний дараагаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй “Их тэнгэрийн амны 7,4 га газрыг хууль бусаар зарсан” гэх мэдээлэлд хариу тайлбар хийв. Тэрбээр, “АСЕМ-ын уулзалтын хүрээнд хурлын танхим барихаар болж, Засгийн газрын тогтоол гарсан. Түүнээс хэн нэгэн этгээд дур мэдэн зарж олгосон зүйлгүй” гэсэн бөгөөд асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандана гэж мэдэгдэв.
Б.Туул
Сэтгэгдлүүд