Хубилай хааны ордны их бүрээний дуудлагыг 700 жилийн дараа эгшиглүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-23 16:27:16

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал “Монгол төрийн их дуулал” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Тоглолтыг нээж Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн дарга С.Баярцогт хэлэхдээ, “Их хааныхаа тэгш ойг тэмдэглэх нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд Хубилай хааны гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа зүтгэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлж, улмаар Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөхөд онцгой ач холбогдолтой. Монголчууд бид өвөг дээдсийнхээ бүтээж уламжлуулсан оюуны үнэт өвийг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх ёстой.  Тиймээс бид өнөөдөр Их Монгол улсын хаадын үүсгэн байгуулж Монгол төрийн үндэсний их хөгжмийн найрал хөгжмийг сэргээж та бүхэндээ толилуулж байна. “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч” зэрэг хөлгөн их судар болон тэр үеийн алдарт аялагчид болох Марко Поло, Плано Карпини нарын “Аян замын тэмдэглэл”-д Хубилай хааны ордонд ордноо өргөх хөгжим, хуримлах хөгжим, хөгжмийн анги, ёслол хөгжмийн анги, ном номлогч анги  зэрэг нийт 600 гаруй хөгжимчинтэй дэлхийд хаа ч байгаагүй их, бага, цөөхүүл, найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн ажилаж байсныг тэмдэглэн үлдээжээ. Эдгээр хөгжмийн ангиуд нь өөр өөрийн гэсэн онцгой содон хөг аялгуутай, өвөрмөц   ёс дэг сургуультай ангиуд байсан юм. Ийнхүү 700 гаруй жилийн дараа өнөөгийн урлагийн тайзнаа эдгээрээс 50 гаруй нэр төрлийн үндэсний хөгжим тоглож байгааг хэлэхэд бахархалтай байна” гэв.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Н.Болд, ерөнхий удирдаач Н.Буянбаатар, удирдаачаар УГЗ А.Цэдэн-Иш нар ажиллажээ. Ерөнхий найруулагч Н.Болд хэлэхдээ, “Сүүлийн долоо хоног бид Эзэн Богд Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хаанаар бахархаж, монголын өвөг дээдэс бидэнд ямар их гайхам түүх, соёл үлдээснийг мэдрэхэд сайхан байна. Хубилай хааны үед байгуулагдсан 512 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийг сэргээн 700 гаруй жилийн дараа ийнхүү үзэгч олонд толилуулж байгаад баяртай байна” гэв.

Тоглолтын эхэнд ҮДБЭЧ-ын бүжигчид “Хүннү дууль” бүжиг бүжиглэж, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, ерөнхий удирдаач Н.Буянбаатараар удирдуулан “Эртний сайхан” дууллыг толилуулав. Тоглолт оргил хэсэгтээ Хубилай хааны 800 жилийн ойд зориулан олонд анх удаа толилуулж буй “Хубилай хааны ордны их бүрээний дуудлага” уран бүтээлээ хүргэлээ. Мөн хөгжмийн зохиолч М.Бирваа, бүжиг дэглээч Д.Баярбаатарын дэглэсэн “Монгол төрийн ордны хүндэтгэлийн бүжиг”-ийг анх удаа толилуулж үзэгч олон түмэнд бэлэг барьсан юм.

Тоглолтод ҮДБЭЧ-ын бүжигчид, Морин хуурын чуулга, Улаанбаатар чуулга, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, “Хөсөгтөн” хамтлаг, хөөмэйч Ц.Цогтгэрэл, Л.Лхамрагчаа, В.Батзриг, СУИС, ХБК-ийн үндэсний найрал хөгжмийн ангийн хамтарсан 285 уран бүтээлч оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд