Мал аж ахуйн салбарт 30 сая ам.доллар зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-10 19:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлав. Төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм.


Төслийн хүрээнд мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийг тогтолцоог бэхжүүлэх ажлыг өрнүүлэх юм. 30 сая ам.долларын зээл 30 жилийн хугацаатай бөгөөд эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Зээлийн жилийн хүү жилийн 1.25 хувь байх аж.


Манай улс 2013-2017 онд Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор зэрэг 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлсэн. Ингэхдээ малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан бөгөөд төсөлд хамрагдсан 14 мянган малчны мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн аж. Энэ туршлагадаа тулгуурлан “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.


Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь дэмжиж баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ