Монгол, Сингапурын Гадаад харилцааны сайд нар цахим уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-11 19:09:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан цахим уулзалт хийв.


Монгол, Сингапур улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсролын зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаж, эдүгээ Сингапур улс нь Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь бидний итгэлт анд, найдвартай түнш болсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярианыхаа эхэнд тэмдэглэв.


Тэрээр өнгөрсөн онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд худалдааны эргэлт 2019 онд 176,8 сая ам.долларт хүрч, 2016 оныхоос 5 дахин, сүүлийн нэг жилд 3 дахин нэмэгдснийг онцлон дурдав. Мөн энэ эрчээ цаашид хадгалан хоёр талын эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан 50 жилийн хугацаанд Монгол, Сингапурын харилцаа тэлж, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжиж байгааг онцлоод гадаад бодлогын ижил төстэй үзэл баримтлалтай манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд илүү дотно хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “COVID-19” цар тахалтай тэмцэх хүрээнд Сингапур Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг тэмдэглэж, тус улсаас цар тахалтай тэмцэхэд Монгол Улсад сэтгэл харамгүй дэмжиж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэв.


Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Хатагтай Халима Яакоб, Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Гадаад хэргийн сайд Д.Балакришнан нартай тус тус баярын захидал солилцов.

Холбоотой мэдээ