Хан-Уул дүүрэгт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-05-10 13:00:04

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт өчигдөр буюу энэ сарын 09-ны 14.20 цаг орчимд хээрийн түймэр гарсаныг Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутийн иргэд унтраахаар ажиллаж байгаа талаар БОНХАЖЯ-наас мэдээлэв.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 02-08-нд 7 удаагийн хээрийн түймэр гарсныг Онцгой байдлын 298 албан хаагч, сум орон нутгийн 100 гаруй иргэд унтраасан байна.

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Улаангом, Булган Ингэт толгой, Дорнод аймгийн Баян-Уул зэрэг сумдууд түймрийн аюултай зэрэглэл буюу хуурайшилтын III зэрэгт, Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт зэрэг сумдууд түймрийн нэн аюултай зэрэглэл буюу IV зэрэгт тус тус багтаж байна. Тиймээс тус бүс нутгийн иргэд болон аялагчдад түймэр тавих, галд өртөхөөс сэргийлэхийг салбарын яам анхааруулав.

БОНХАЖЯ-ны Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгийн 35 экспедиц, 14 аймгийн 38 газрын генераторын үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 15-ныг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу энэ сарын 3-8-нд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баян-Өндөр, Өвөрхангай аймаг, Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Хушаат сум, Төв аймгийн Залуучууд, Батсүмбэр сум, Булган аймгийн Баян-Агт, Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг зэрэг сумдад үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсанаар хөрсний чийгшил 0-9 мм-ээр нэмэгдэж, ой хээрийн түймрийн аюулын хуурайшилтын зэрэг буурчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ