“Дархан-88” төвийн бүсийн уулын дугуйн анхдугаар наадамд 198 тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-08 12:25:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө-2030”-д орсон нөөц боломжид тулгуурлан тусгай сонирхлын аялал жуулчлалын төрөл хэлбэрүүдийг бүсчлэн хөгжүүлж, өртөөчилсөн маршрутыг брэнд болгон таниулна гэж тусгасан байдаг. Үүний хэрэгжилтийг хангах, цаашид аймгийн брэнд болгох үүднээс “Дугуйтай Дархан” клубээс санаачлан уулын дугуйн уралдааныг зохион байгууллаа.

Монголын дугуйн холбоо, аймгийн ЗДТГ, БОАЖГ, ЭМГ, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан "Дархан-88" дугуйн уралдаанд долоон аймаг, Улаанбаатар хотын 38 багийн 198 тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Дугуйгаар туулах зам нийт 88 км бөгөөд гараанаас бариа хүртэл 70 км замыг туулсан юм. Туулах замын маршрут нь Дархан хотын залуучууд театрын өмнөөс гараа хүртэл найман км зам, гараанаас Зулзагын гол-Аргалын гарам-Шийрийн бригад-Цайдамын хөндий-Гүнж ресорт гэсэн 70 км замыг туулан шилдгүүдээ тодруулав. Туулах замын тухайд өгсүүр даваа, огцом уруудах, элстэй, хад, чулуутай уруудах хэсэг зэрэг тамирчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг сорьсон тэмцээн боллоо гэж оролцогчид онцолж байлаа.

Найман насны ангиллаар зохион байгуулсан тэмцээний Элит ангилалд “Алдар” БТСХ-ны баг, Өсвөр үеийн 13-15 насны ангилалд Ховд аймгийн “Шидэт хүрд” баг, өсвөр үеийн 16-18 насны ангилалд Увс аймгийн баг, эмэгтэйчүүдийн сонирхогчдын 40-өөс дээш насны ангилад “Sky Team баг, эрэгтэйчүүдийн сонирхогчдын 40-өөс дээш насны ангилалд Дорноговь аймгийн “Хутагтын дугуйчид” баг, сонирхогчдын 19-39 насны ангилал Улаанбаатар хотын “Аттиллагийн жимээр” баг, Элит эмэгтэйчүүдийн ангилалд Улсын аварга Г.Энхжингийн баг шалгарч шилдгүүдээр тодорлоо.

Тэмцээний хамгийн ахмад тамирчин 73 настай Монгол Улсын 34 удаагийн аварга, ОУХМ, Ази-Номхон далайн орнуудын олимпын аварга Тогтохын Пүрэвдорж байлаа. Тэрээр залуусдаа эрч хүч нэмж, арга техникээсээ хуваалцах мөн нөгөөтэйгүүр 43 жилийн өмнө Дархан хотод болсон 180 км олон өдрийн дугуйн уралдааны улсын аварга болж байсан дурсамжаа сэргээхээр ирж уралдсан гэв.

Гараанаас 198 тамирчин гарч барианд 181 тамирчин орсон юм. Замын нөхцөл байдлаас шалтгаалан дугуй эвдрэх, тамирчдын шөрмөс татах зэргээс шалтгаалан 17 тамирчин барианд орж чадалгүй тэмцээнийг дуусгасан бол өөрийгөө ялан дийлж барианд орсон бүх тамирчинд медаль гардуулсан юм. Шагнал гардуулах үеэр орон нутагт тэр дундаа Дархан-Уул аймагт дугуйн спортыг хөгжүүлэх үнэтэй хувь нэмэр оруулсан Дарханы анхны ОУХМ Д.Жаргалсайханыг “Найрамдлын Дархан” тэмдгээр, спортын мастер, дасгалжуулагч Д.Тогмидыг аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнан урамшуулсан юм.

Уулын дугуйн анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар аймгийн брэнд наадам болгох эхлэл тавигдсан гэж зохион байгуулагчид үзэж байна. Цаашид жил бүр хүрээгээ тэлж дугуйн спортоор дамжуулан аймгийн аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Холбоотой мэдээ