Нийт бэлчээрийн 49.4 хувийн даац хэтэрснийг санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-09-23 14:36:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ "Бэлчээрийн доройтлыг бууруулж, менежментийг сайжруулах нь "сэдэвт зөвлөгөөнийг аймгуудад бүсчлэн зохион байгуулж байна. Энэ сарын 11-нд баруун 5 аймгийг хамруулан хийсэн бол 18-нд Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн ХАА-н мэргэжилтнүүдийг оролцуулан Дундговь аймагт зохион байгуулав.

Энд аймаг, орон нутгийн ХАА-н газрын мэргэжилтнүүд бэлчээр ашиглалт, хамгаалалт, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэнд, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж байна. 

Дундговь аймагт зохион байгуулсан зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь оролцож, Засгийн газраас ХАА-н салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах талаар гаргасан 19 дүгээр  тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тодорхой үүрэг, даалгавар өгч бүх түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж буйг танилцууллаа. Зөвлөгөөнд өнгөрсөн хавар цаг хүндэрч, зуншлага оройтсон, одоо ч бэлчээрийн ургац тааруу байгаа аймгуудын төлөөлөгч оролцлоо.


Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газраас гаргасан мэдээллээр,  2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац нийт бэлчээрийн 50.6 хувьд нь хүрэлцээтэй гарчээ. Цаашлаад 25 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин, 6.1 хувьд нь 3-5 дахин, 18.3 хувьд нь олон дахин хэтэрсэн судалгаа гарч анхааруулаад байна. 

Ялангуяа Говь-Алтай аймгийн 7 сум, Баянхонгор аймгийн 15 сум, Өвөрхангай аймгийн 7 сум, Дундговь аймгийн 8 сум, Өмнөговь аймгийн 8 сумын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Иймд малчид малаа ангилж, үржилд тэнцэхгүй хээлтэгч, эр малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн даацад малын тоог тохируулах, аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг хангалттай бэлтгэж өвөл, хаврыг өнтэй даван туулахад анхаарах талаар малчидтай хамтран ажиллах үүрэг чиглэлийг аймаг, орон нутгийн мэргэжилтнүүдэд өгөв.  



Холбоотой мэдээ