"Эко Баянхонгор" төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-05 18:46:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас баталсан "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030" хөтөлбөрийг аймаг, орон нутагт хэрэгжүүлж байна. 


Тухайлбал, Баянхонгор аймаг дэлхий нийтээр зарлан хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилт"-ыг аймгийнхаа төв гудамжинд иргэд, олон нийтэд танилцуулан байршуулсан анхны аймаг боллоо. 

Тус аймгийн төв Баянхонгор хот "Тогтвортой хөгжлийн зорилт"-ыг иргэддээ таниулах зорилгоор нийтийн тээврийн буудалд гэрэлтдэг постер байршуулжээ. 


Аймгийн "Ногоон хөгжлийн бодлого"-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс аймгийн ИТХ -ын дэргэдэх "Тогтвортой хөгжил- түншлэл" Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, "Шизүмон" Тогтвортой хөгжлийн нийгэмлэг хамтран тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн боловсролтой, амьдралын зөв хэв маягтай иргэн бэлтгэх "Эко Баянхонгор" төслийг хэрэгжүүлж эхлээд байна.


Төслийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр хуванцар сав, шил шаазан зэрэг хог хаягдлыг төрөлжүүлэн ангилж пресслэн тээвэрлэж буй ААН-ийн ажилтай танилцаж энэ үйл ажиллагаанд зөв менежмент хэрэгжүүлэхэд нь дэмжин тусалж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, аймгийн төвөө хоггүй болгохын төлөө ажиллаж буй хүмүүст "Эко Баянхонгор" гэсэн лого тэмдэг бүхий хувцсаар хангав. Мөн хог хаягдлыг дахин боловсруулахад бодлогоор дэмжин, энэ талын үйл ажиллагаа явуулж буй газрыг ашиглалтын гэрээ олгож, бүтээгдэхүүн нийлүүлдэг хувь хүмүүсийг урамшуулж ажиллахаа илэрхийллээ. 




"Эко Баянхонгор" төслийн хүрээнд "Хоггүй цэвэрхэн Баянхонгор" аян үргэлжилж аймгийн "Эрдэнэмандал" ахлах сургууль зэрэг боловсролын байгууллагын ажилтан, сурагчид Түйн голын сав дагуу газрын хог хаягдлыг цэвэрлэсэн байна. 



Холбоотой мэдээ