Загасыг үржлийн үед нь баривал бүрмөсөн устах аюултай

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2020-12-04 16:38:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай.


Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ. 


Загас агнахыг хүсвэл загасны төрөл, зүйлээс хамаарч хуулиар хориглосон хугацаанаас бусад үед, ахуйн зориулалтаар загас барих журмыг мөрдөх шаардлагатайг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэн тэмдэглэжээ.


Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30 хүртэл, цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30 хүртэл агнахыг хориглодог. 


Ихэнх амьтны үр хөврөл эхийн биед хөгждөг бол загас нь гадаад үр тогтолттой. Эм загасны түрс бэлгийн сүвээр гоожиж усны ургамал, хайрга чулуунд наалдана. Түүн дээр эр загас сүнгээ шахдаг. Үр тогтсон түрс бойжиж, хальсан дээр бүдэг толбо бий болон улмаар хөврөлийн хальсаа цоолж авгалдай гардаг аж.


Энэ хөгжлийн хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр байдаг. Тухайлбал, хилэм загас 30-45, тул 28-30, цагаан загас 200-250, хадран 14-30, цурхай 10-20, улаан нүдэн 12-13, сугас 5-6 хоног, булуу цагаан, хэлтэг, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана зэрэг загаснууд 3-6 хоног шар уургаар хооллоно. Шинээр гарсан авгалдай нэг эстэн, бактери, замаг, хүрд хорхойг барьж иддэг.   


Монголд хавар-зун, намар-өвөл түрсээ шахдаг зүйлүүд тархана. Тухайлбал, хавар 4 сараас 3 настай цурхай загас, усны температур 3-6 хэм хүрэхэд гүехэн устай, элсэрхэг хурдас бүхий ургамалтай хэсгээр 74 000-236 500 ш түрс шахдаг.


Зэвэг загас 6-7 наснаас үржилд орж усны температур 6-12 хэм хүрэхэд голын харгиа, хайрга чулуун дээр 2300-7700 ш түрс, хадран загас усны температур 4-6 хэмд харгиатай хэсгийн чулуун дээр 2000-18000 ш түрс гаргадаг байна.


Хилэм загас 8 наснаасаа эхлэн 5 сард голын усны температур 9-15 хэм болоход элсэрхэг хурдсанд 88800-636000 ш түрс орхино. Тул загас 5-6 наснаасаа голын харгианд тогоо үүсгэн бэлтгэж, усны температур 10 хэм хүрэхэд 8500-30 000 ш түрс гаргадаг.


Сугас, булуу цагаан, хэлтэг, морин загас, улаан живэрт, монголын улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана загаснууд 2-5 насандаа үржилд орж 10 000-30 0000 ш түрс нуур, голын гүехэн устай хэсэгт ургамал дээр 12-25 хэм болох үед шахна.


Булууцагаан, хэлтэг, алтайн шар сугас зэрэг зарим загас түрсээ 7-10 өдрийн зайтай 2-3 удаа хэсэг, хэсгээр таслаж гаргана.


Дархадын цагаан загас, омоль, цагаан хадир, цагаан зарам загас 2 нас хүрээд намар 8 сараас өвөл 1 сард, усны температур 12-1.4 хэм болж буурахад 5000-98 000 ш түрс элс, хайрга чулуурхаг хурдсанд, гутаарь 3-4 наснаас голын элс, хайрга-чулуун дээр 0.5-1 хэмд 20 000-350 000 ш түрс шахдаг.


Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог аж.

Холбоотой мэдээ