Эко аялал жуулчлалын талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 10:45:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд барих  эко аялал жуулчлалын төлөвлөлт, авто замын болон Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл боловсруулах барилгын ажлыг хянах “Ажил эхлүүлэх” цахим уулзалт өчигдөр болов.


Уулзалтаар Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, төслийн хүрээнд хийх эко аялал жуулчлалын төлөвлөлт, автозам, Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлын талаар ярилцлаа.


Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, төслийн “Гомдол хянан шийдвэрлэх механизм” нийгмийн аюулгүй байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан, төслийн хүрээнд оролцогч талуудтай хамтран ажиллах санамж бичгийн төслийг танилцуулжээ.


Уулзалтад Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн захирал БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, төслийн нэгжийн холбогдох зөвлөх мэргэжилтнүүд, зөвлөх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, инженер техникийн ажилтнууд, Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын дарга Б.Оюунбаатар, Засаг дарга Д.Мөнх-Од, ЗДТГ-ын холбогдох албан хаагчид оролцов.

Холбоотой мэдээ