Ханх суманд 4,0 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 40 удаа бүртгэгдлээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 13:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо бүс нутагт өнөөдөр 12.00 цагийн байдлаар 2170 удаа газар хөдөлснөөс 40 нь 4.0 магнитуд болон түүнээс дээш хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын цагаар 5.32.56 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.


Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтыг Одон орон, геофизикийн хүрээлэн Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд 4-5 балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд 3-4 балл болохыг тодорхойлжээ.


Газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ нь Улаанбаатар хотод хөрснөөсөө хамааран барилга байгууламжид үзүүлэх нөлөөлөл нь тухайн орчны инженер геологийн нөхцөл, барилгын хийцээс шалтгаалан харилцан адилгүй байна. 


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн яг төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

Холбоотой мэдээ