ХАА-н сайд нарын чуулганаар хоол хүнсний хангамжийг хэлэлцэв

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-01-25 13:34:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо ХАА-н ногоон 7 хоног үйл ажиллагаа “Цар тахал болон цаг уурын өөрчлөлтийн энэхүү цаг үед дэлхийг хэрхэн хоол хүнсээр хангах вэ” сэдвийн дор 1 дүгээр сарын 18-22-нд цахимаар боллоо. Энэхүү хуралд Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарын зэрэг дэлхийн нийт 75 орны ХАА-н сайд нар, олон улсын байгууллагын өндөр албан тушаалтнууд оролцлоо.


Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын 13 дахь чуулга уулзалтаар батлах баримт бичгийн эцсийн найруулгыг оролцогч орны ахлах албан тушаалтнууд нийт 5 цагийн турш хуралдан хэлэлцэж боловсруулав.

2014 оноос хойш дэлхий даяар өлсгөлөн нэмэгдэж, "COVID-19"-ийн тахал болохоос өмнө 690 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн 2 тэрбум орчим хүн хангалттай хоол хүнсээр тогтмол хангагдаж чадахгүй, 3 тэрбум хүн эрүүл хооллолтыг авч чадахгүй байна. Энэ нөхцөл байдал нь дэлхийн хоёр том сорилт болох "COVID-19" цар тахал ба уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хурцдаж байгааг оролцогч талууд цохон тэмдэглэсэн.

Дэлхийн хүнсний хангамж өнөөг хүртэл хангалттай, олон улсын зах зээл тогтвортой байгаа мэт боловч "COVID-19" цар тахал хүнсний систем дэх үндсэн дутагдлыг илүү тодорхой гаргаж ирж байгааг хэлэлцэв. "COVID-19"-ийн цар тахлын эдийн засгийн үр дагавар нь 2020 оны эцэс гэхэд 83-132 сая гаруй хүнийг архаг өлсгөлөнд нэрвүүлээд байгаа юм.


Үүний зэрэгцээ цаг уурын өөрчлөлт нь дэлхийн хамгийн чухал асуудал хэвээр байгаа бөгөөд дэлхий нийтээрээ үүний эсрэг хамтдаа тэмцэн, оновчтой шийдлийг бий болгож олон улсын байгууллагууд, фермерүүд, ТББ-ууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох санал санаачилгыг дэмжих нь чухал гэдэгт талууд санал нэгдсэн.

Өнөөгийн цар тахлын хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд үзүүлэх нөлөөллийг аль болох багасгах, ирээдүйн цар тахлаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох зорилгоор салбар дундын олон талт хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл нэн шаардлагатай байгааг Дэлхийн хөдөө аж ахуйн сайд нар хүлээн зөвшөөрч, албан ёсны мэдэгдэл тунхгийг санал нэгтэйгээр дэмжсэнээр 13 дахь Хөдөө аж ахуйн сайд нарын чуулга уулзалт дуусав.   


Холбоотой мэдээ