Манай сурвалжлагч Д.Өлзийсайхан шилдэг бүтээлийн уралдаанд аман хүзүүдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-08 14:10:57

БОНХАЖЯ, НҮБ-аас Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны дүнг өнөөдөр нийтэд зарлалаа.

Тэмцээнийг хоёр сэдвийн хүрээнд явуулж зургаан байрт шагнал гардуулав. Эхний сэдвийн хүрээнд тэргүүн байрыг “Ургаж байгаа мод” бүтээлээр Х.Цэнгэжав, хоёрдугаар байрыг “Өнөөдрийн идэх хоолоор маргаашийн ирээдүйг солих уу” бүтээлээр Ц.Чойжамц, гуравдугаар байрыг “Говийн нар инээж байна” бүтээлээр Б.Батзориг нар шалгарлаа. Хоёр дахь сэдвийн хүрээнд Д.Энхмарт “Туулын амь тасрахад түшээд эдлэнтэйгээ үлдэнэ” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарсан бол хоёрдугаар байрт “Уур амьсгалын өөрчлөлтөөс дайжиж биш зохицож амьдарья” бүтээлээрээ МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан, гуравдугаар байрт “Батоникийн цэцэрлэгийг авраач” бүтээлээр А.Мөнхтуул нар тус тус шалгарсан байна.

Манай сурвалжлагч Д.Өлзийсайхан уг бүтээлийнхээ тухайд, "Өнөөдөр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт хэмээн ярьж бичиж байгаа ч уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, энэхүү өөрчлөлт бий болсон тохиолдолд хэрхэн дасан зохицох тухай мэдээлэл харьцангуй бага байна. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа улс бол манай улс. Уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрлөхтөн буцаах боломжгүй. Иймээс бид өдөр тутмын амьдралдаа, тухайлбал гараа угаахдаа хүртэл усаа хэрхэн зохистой хэрэглэхэд суралцах цаг үе тулж ирсэн байна. Иймээс л “Уур амьсгалын өөрчлөлтөөс дайжиж биш зохицож амьдарья” бүтээлээ бичсэн юм. Үүгээрээ энгийн иргэд, шийдвэр гаргах түвшнийхэнд тодорхой мэдээлэл хүргэхийг зорьсон" гэв.
 

Б.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ