Монголын хамгийн цөөн хүн амтай аймагт ч хөл бөмбөгийн спорт амжилттай хөгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа ажлын талаар цувралаар танилцуулж байна.
Энэ удаа Монгол Улсын 21 аймгаас хүн амын тоогоор хамгийн бага, газар нутгийн хэмжээгээр 3 дугаарт орох бага нутаг дэвсгэртэй Говьсүмбэр аймаг дахь Хөл бөмбөгийн холбоог танилцуулъя.
Говьсүмбэр аймгийн ХБХ 2014
онд байгуулагдсан бөгөөд холбооны тэргүүнээр Ч.Батжаргал, ерөнхий нарийн бичгийн даргаар
Б.Буянтогтох нар ажилладаг. Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны С зэрэглэлийн
шүүгч Б.Буянтогтох, Д.Пүрэвням, Э.Эрхэмбаатар нар энэ нутгийн иргэд бөгөөд орон
нутгийн дасгалжуулагчаар Г.Зоригтбаатар ажиллаж байна. Тус аймгийн БТСГ, Сүмбэр
сумын 5 дугаар сургуулийг түшиглэн хөл бөмбөг, футзалын сургалт дасгалжуулалтаа
4 насны ангиллаар спортын секцийн хэлбэрээр амжилттай зохион байгуулж байгаа юм.
Аймаг орон нутгийн удирдлага, аймгийн БТСГ-аас бэлтгэл сургалт хийх орчин нөхцөл, материаллаг бааз, хэрэглэл материал, тэмцээн уралдаанд оролцох зардлаар тогтмол дэмжиж байдаг нь хөл бөмбөгийн спортыг хөгжих суурь болж байгаа аж.
Орон нутагтаа хөл бөмбөг, футзалын төрлөөр өсвөр үе, идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, аймгийн хүүхдийн спортын “Бага олимп” наадмын тэмцээн, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Говьсүмбэр аймгийн шигшээ баг 2014 оноос бүсийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож байна.
Хөл бөмбөгийн өсвөр үе,
идэрчүүдийн 2016, 2017 оны зүүн бүсийн аварга, Футзалын өсвөр үе, идэрчүүдийн
2015, 2016, 2019, 2020 оны зүүн бүсийн аварга, “Дуулиан-2020” тэмцээний хүрэл
медаль, идэрчүүдийн “Үндэсний цом-2019” тэмцээний мөнгөн медаль, насанд хүрэгчдийн
“Үндэсний цом-2020” тэмцээний дэд шатны мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд
байгаа юм байна.