Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийн талбартай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-04 12:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд судалгаа, мэдээлэл хуваалцаж туршлага солилцох, хамтран ажиллах нэгдсэн талбартай боллоо. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын Хөгжлийн агентлаг, БОАЖЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран агаарын бохирдлын талаарх мэдээллийн “Агаар нэг” платформыг цахимаар нээгээд байна. 


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хөгжлийн байгууллага хоорондын болон Засгийн газартай хэрэгжүүлэх агаарын бохирдолтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, сайн туршлагыг улс орон даяар түгээх, энэхүү платформ дээр тухайн байгууллага өөрийн танилцуулгыг англи, монгол хэлээр оруулах боломжтой бөгөөд мэдээллийн сангаас нарийвчилсан хайлт хийх, сүүлд оруулсан мэдээллийг автоматаар шинэчлэх нүүр хуудас зэрэг олон сонголттой аж. Платформын хөгжүүлэлтийг "Брийт Монголиа" ТББ (Breathe Mongolia) гүйцэтгэн ажиллажээ. 

“COVID-19"-ийн цар тахлын улмаас үүсэж буй цахим шилжилтийн энэ үед агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээллийн сан үүсгэж байгаа нь том дэвшил. Гэхдээ энэхүү мэдээллийн сангийн цаашдын тогтвортой байдал, үр дүн нь оролцогч талуудын сонирхол, оролцооноос хамаарна” гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв. 


Өнөөдрийн байдлаар платформд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, People In Need Mongolia (PIN), ГЕРЕС ОУТББ, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Даян Дэлхийн ногоон хөгжлийн институт, Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг 20 гаруй байгууллага нэгдээд байна.


Холбоотой мэдээ