Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-25 22:26:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3 дугаар сарын 26-нд Увс, Завханы хойд хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө зүүн аймгуудын хойд хэсэг, өдөртөө баруун аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ