Шар усны үерт өртөж болзошгүй 3000 орчим айл байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-29 18:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд шар усны үерт өртөж болзошгүй 3000 орчим айл өрх байна гэсэн тооцоо гарчээ.

Иймд дулааны улирал ирж буйтай холбогдуулан НОБГ-аас айл өрхийг шар усны үер, халгианаас сэрэмжлүүлж, эрсдэлтэй бүсээс нүүхийг анхааруулсан байна. Мөн уснаас хамгаалах шуудуу татах, хаалт хийхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ. 




Нийслэлд шилжин ирж суурьшиж буй гэр хорооллын айл өрхүүд үерийн далан, гуу жалганы аманд буудаг. Энэ нь хаврын улиралд шар усны үерт автаж эд хөрөнгө амь насаараа хохирох эрсдэлийг үүсгэдэг. Гэр хорооллын дунд байгаа ус зайлуулах далан суваг, шуудуунд өвөл цас мөс овоорч хуримтлагдан, дээр нь хог хаягдлаар дүүрч эрсдэлтэй бүсийг бий болгосоор байна. Тиймээс иргэд, айл өрхийг зөвшөөрөлгүй газар буухгүй байхыг сануулж байна. Мөн бага насны хүүхдээ гуу жалга, далангийн ойр орчимд тоглуулахгүй байхыг зөвлөж байна.  





Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ